Шууд Chart

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт ирэх есдүгээр сарын 5-нд болно

2019-08-29 10:31:28

Хүн төрөлхтөний аугаа баяр цэнгэл хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт ирэх есдүгээр сарын 5-нд Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.

Монголын шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ийн урьдчилсан шатны “F” хэсгийн эзэн гурав, зочин нэг тоглолт хийнэ. Тодруулбал, есдүгээр сарын 05-нд 17.00 цагт Монголын шигшээ баг Мьянмартай тоглох бол есдүгээр сарын 10-нд Тажикистаны багтай тоглоно. Харин аравдугаар сарын 15-нд Киргизийн багтай тоглоно.

Монголын шигшээ баг дэлхийн чансаанд дээгүүр байр эзэлдэг улсуудтай учраа таарснаас хамгийн хүчирхэг нь Японы шигшээ баг бөгөөд “Талын хөх чононууд” ирэх аравдугаар сарын 10-нд Япон улсад очиж, тоглоно.

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багаас гадна дэлхийн чансааны 101-р байрт бичигддэг футзалын үндэсний шигшээ аравдугаар сарын 16-27-нд БНХАУ-ын Ордос хотод Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцоно. Монгол Улсын шигшээ баг зүүн Азийн өрсөлдөгчид болох БНХАУ, ХонКонг, Макайгийн багуудтай учраа таараад байна. Хэрэв уг хэсгээс гарч чадвал 2020 оны хоёрдугаар сарын 26-аас гуравдугаар сарын 08-ны хооронд Туркменистан улсад болох Азийн АШТ-ий шигшээ шатны эрхээ авах болно.

Үндэсний шигшээ багийн тоглолтууд төдийгүй есдүгээр сарын 14-22-ны хооронд Вьетнам улсад өсвөрийн баг тамирчид Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Монголын 16 хүртэлх насны баг Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай “H” хэсэгт багтаад байгаа.

Мөн Монголын 19 хүртэлх насны шигшээ ирэх арваннэгдүгээр сарын 06-10-ны хооронд мөн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Япон, Вьетнам, Гуамын багуудтай хүч үзэх болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт ирэх есдүгээр сарын 5-нд болно  
Үзсэн: 1643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй