
Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баяр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан МҮОНРТ, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” нэртэй дөрвөн цуврал баримтат киноны нээлт өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт боллоо.
Уг арга хэмжээний нээлтэнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, дээрх киноны санаачлагч Л.Нинжжамц, Маршал Георгий Константи́нович Жуковын зээнцэр Варвара Еронхина, Маршал Х.Чойбалсангийн зээ Хулан, Гарамгай баатар Л.Дандарын хүү Баяр, нагац дүүгийнх нь хамт, Ж.Лхагвасүрэн жанжины хүү, охин болох Лхагвадулам, Лхагваа нарын зэрэг хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Тус киноны Монгол талын найруулагчаар МҮОНРТ-ийн “Өв соёл”-ын албаны найруулагч Н.Чингис, редактороор А.Ариунбаатар ажилласан билээ.
Өчигдөр тус киноны эхний хоёр анги гарсан бөгөөд маргаашаас эхэлж, МҮОНТ-ээр үзэгчдэд хүрэх юм.
Харин кино бүтээлцэх ажлыг өнгөрсөн хоёрдугаар сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран ажиллах санал тавихад энэ телевизийнхэнд тавьснаар эхэлжээ. Харин мотор өнгөрсөн тавдугаар сараас дугарч эхэлжээ.
Анхны зураг авалт Хэнтий аймгийн төвд хийгдэж, ОХУ-ын дайчин цэргүүдийн давж орж ирсэн даваа, Монгол цэргүүдийн алхаж байсан жимээс эхэлсэн байна.
Уг кинонд Монголын талаас 35, Оросоос 37 уран бүтээлч ажиллажээ. Найруулагч киноныхоо агуулгыг Халхын голын дайн чухам юунаас үүдэж үүссэн юм. Үнэхээр дайн юм уу эсвэл байлдаан, тулгаралт, хилийн зөрчлийн асуудал юм уу гэдгийг илүү гаргахыг хичээсэн гэв.
Ямартай ч түүхэнд Монгол, Оросын ахмад дайчид дайн гэж хэлсэн байдаг бол Японы тал тулгаралт гэж үздэг. Гэхдээ уг дайн зөвхөн 1939 оноос эхлээгүй. 1932 оны сүүл үеэс Манжгоо Улсын тоглоомын засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол Улсын нутаг дэвсгэрийг байлдааны байнгын цэг болгох зорилготой байсан нь түүхийн шаргал хуудсанд хадгалаастай билээ. Тодруулбал Берлин, Ром буюу Итали, Япон гэсэн гурван улсын нэгдэл үүсч, пашинст үзэл үүссэн нь Халхын голын дайн үүсэх шалтгаан болсон гэдэг.
"Халхын голд байгуулсан гавьяа” киноны нийт төсвийн 90 хувийг “Звезда”, 10 хувийг нь МҮОНРТ гаргасан байна.
Найруулагч ярилцлагынхаа үеэр “Киноны зохиолыг Орос эмэгтэй бичиж бидэнд ирүүлсэн. Гэхдээ тэр хүн ихэвчлэн өөрийн улсынхаа тухай оруулсан байхаар нь Монголд засч, Монгол Оросыг ижил түвшинд харуулахаар багтаасан. Түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах яамны ажилтан, түүхч, доктор Т.Сүхбаатар ажилласан. Хуучны бичлэгийн хувьд Монголд байгаа түүхэн архиваа 100 хувь ашигласан. Орос, БНХАУ-ын талаас ч ховор баримт гарч ирдэг юм байна. Энэ бүхнийг үзэгчид маань харвал сайхан санагдах байх. Анги тус бүр нь 40 минут үргэлжилнэ” гэсэн юм.
Киноны продюсероор Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсероор О.Отгонжаргал, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажиллалаа. Харин хойд хөршөөс зэвсэгт хүчний “Звезда” телевизийн ерөнхий найруулагч А.И.Кременецкий, найруулагч А.Ю.Архипов, гүйцэтгэх продюсероор Ю.А.Замоложинская, А.В.Корчагина, зохиолчоор А.С.Зацепина, ерөнхий зураглаачаар А.А.Оганесян, ерөнхий зураачаар Т.Асатуров нарын зэрэг уран бүтээлч оролцжээ.
Зураг авалт Монголын талд Улаанбаатар - Хэнтий - Баян-Овоо - Талын хөндлөн - Баян-Овоо - Чингис хот - Баянтүмэн - Дорнод - Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулсан байна. Харин ОХУ-д үргэлжилсэн нь Москвад хийгдсэн бөгөөд орчуулга болон дуу оруулалтаа МҮОНРТ-д хийжээ.
Киноны нэгдүгээр ангид Халхын голын байлдаан эхлэхийн өмнөх үеийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхол, геополитик, Японы Алс Дорнодод довтлон орох нууц төлөвлөгөө, Баргууд болон хятадууд, атаман Семёновын цагаантны үлдэгдлийг Япончууд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаандаа хэрхэн ашигласан зэргийг өгүүлсэн бол хоёрдугаар ангид дайны эхэн үеийн Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байдал үйл ажиллагаа, Халхын гол, Буйр нуурын агаарын тулалдааны нөхцөл байдал, Баянцагааны нуруун дахь танкийн тулалдаан, ЗХУ-ын баатар Яковлёвын тухай, шархтнуудыг хэрхэн эмчилсэн талаар гарав. Тэгвэл сүүлийн хоёр ангид Халхын голын шийдвэрлэх тулалдааны тухай, дайралтыг хэрхэн амжилттай болсон хийгээд цус асгаруулсан тулалдаан, Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан баатарлаг гавьяа, дайнаас төрсөн баатрууд, Халхын голын дайн дэлхийн хоёрдугаар дайнтай хэрхэн холбогдож байгааг харуулах юм байна.









"Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, баримтат киноны нээлт боллоо | ||
Үзсэн: 2051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.