
МҮОНРТ-ийн захиалгаар “Хөнгөвчлөх өрөө” хэмээх ээлжит бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалт ид үргэлжилж байна.
Уг бүтээл нь өнөөгийн нийгэмд чимээгүй тахал болоод буй ходоод, элэг гэх мэт эрхтэний хорт хавдрын эсрэг юм. Ийм өвчин туссан иргэд хэрхэн ангижрах, ямар арга хэмжээ авбал аймшигт өвчнөөс салах тухай өгүүлнэ. Мөн эрт эмчилвэл эдгэрч болдог тухай харуулахыг зорьж байна.
Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, зохиолч, яруу найрагч Ц.Баттуяа нар хамтран бичсэн бол, ерөнхий зураачаар Б.Цогтбаяр, нэгдүгээр найруулагчаар жүжигчин А.Баттүшиг, Д.Мягмар, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй болон “Логик фильм” бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж буй. Мөн ерөнхий продюсероор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гүйцэтгэж байгаа билээ.
Гол дүрд УДЭТ-ийн жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа нар тоглож байна. Харин Ц.Цэрэнболдын дүблёроор жүжигчин Э.Мөнхбат тоглож байгаа юм. Дэлгэцийн болон тайзны нэлээн хэдэн бүтээлд дүрээ үлдээсэн түүнийг уншигчид эчнээ таних хэдий ч товч танилцуулья.
Жүжигчин Э.Мөнхбатын аав, ээж арын сайхан Архангай аймгийнх бөгөөд тэрбээр Улаанбаатар хотод гурван настайдаа гэр бүлийнхэнтэйгээ шилжиж иржээ.
1985 онд төрсөн уран бүтээлч залуу нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийг төгсч, улмаар СУИС-д 2003 онд орсон ч КУДС руу шилжин 2007 онд жүжигчин мэргэжлийг эзэмшижээ.
“Хөнгөвчлөх өрөө” киноны ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж, нэгдүгээр найруулагч А.Баттүшиг нараас дүрийн санал авч, баяртайгаар хүлээж авсан гэсэн. “Өмнө нь ийм өвчтөй хүний дүрд тоглож байгаагүй болохоор маш гоё хэрнээ бага зэрэг айдастай санагдсан. Мөн турах даалгавар аваад нэлээн хичээж, есөн кг хассан. Бүр 20-хон хоногийн хугацаанд шүү” гэв.
Одоогоор түүний зураг авалт эхлээгүй байгаа ч Увс аймагт тун удахгүй хийгдэх гэнэ. Иймд тэр болтол хорт хавдар туссан хүн ямар байдаг, ямар ааш араншин гаргадаг талаар дүрийн судалгаа хийсээр байгаа гэсэн.
Э.Мөнхбатын уран бүтээлийн гараа оюутан цагаас нь эхэлжээ. Гэхдээ дадлага ажлын журмаар хэдий ч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулсан “Атга нөж” жүжиг. Мөн “Тэнгэрийн андгай”, “Үхэж үл болно” гэсэн томоохон гурван бүтээлийн натурт явж байсан азтай эр юм.
Гэхдээ учрал тохиол гэдэг сонин юм даа. Тэрбээр хамгийн анх МҮОНРТ-ийн богино хэмжээний нэгэн кинонд тоглож байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр дахиад л сонгогдоод тоглож байна.
Түүний хамгийн хайртай дүр нь МҮОНРТ-ийн уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” олон ангит киноны Барсаа, “Пантастик” продакшны “Байтаг богд” бүрэн хэмжээний уран сайхны киноны алаг морьт Дандар баатар, одоо ид гарч буй “37-р точка”-ын Гомбо гэсэн. Сонирхуулж хэлэхэд “37-р точка”-ын Гомбо эхний ангидаа буруу гарын хүмүүст олзлогдоод явдаг ч аравдугаар ангидаа эргэн ирнэ гэсэн шүү.
Түүний бас нэгэн авьяас бол бүжиглэх. Тэр сонирхлоо дагаад дээд сургуулиа төгсөнгүүтээ “Х түц” продакшнд бүжигчнээр оржээ. Энэ нь түүнийг киноны уран бүтээлээс завсардуулах шалтгаан болсон байна.
Тэр ч бүү хэл “Одод болох хүслэн” шоунд оролцож байсан гэнэ.
Э.Мөнхбатын гэр бүлд урлагийн хүн байхгүй ч өөрийнхөө зүрх сэтгэлийг даган уран бүтээлчийн замнал руу эргэлт буцалтгүй ороод байгаа нь энэ юм.
Тэрбээр “Надад цэрэг, цагдаагийн дүр илүү зохидог” гэсэн ч саяхан “Эрдэнэсийн өв” нэртэй Эрдэнэт хотын тухай кинонд малчин залуугийн дүр бүтээхдээ сэтгэлд нийцсэн гэв.
Ийнхүү түүний энэ удаа тоглосон “Хөнгөвчлөх өрөө” бүрэн хэмжээний уран сайхны киног хүлээх авахад ойртсоор ...
Жүжигчин Э.Мөнхбат: Надад цэрэг, цагдаагийн дүр илүү зохидог | ||
Үзсэн: 4695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.