
Монголын үндэсний шигшээ баг өнөөдөр Японы шигшээ багийн эсрэг тэдний талбайд анх удаа учраа тааран тоглох гэж байна. “Сайтама-2002” цэнгэлдэхэд явагдах тус тоглолтыг 50 мянга гаруй хүн үзнэ гэсэн тооцоо гарсан бөгөөд тэдний 300 нь багаа дэмжин уухайлах Монголчууд байх нь ээ.
Өчигдөр тус тоглолтын өмнөх албан ёсны бэлтгэл явагдаж, хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Майкл Вайсс оролцжээ.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би 2000 оны эхээр Япон Улсад ажиллаж байсан. Тэр үеийн хөлбөмбөгөөс одоогийн Японы хөлбөмбөг тэс өөр болсон гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд мэдээж зөвхөн хожлын төлөө тоглох ч гэлээ энэ тоглолтоос туршлага хуримтлуулах нь юу юунаас илүү чухал. Бүрэлдэхүүний хувьд би нэг их солиод байхыг хүсдэггүй. Хоёр жил хагасын хугацаанд бид зөвхөн энэ төвшинд тоглохын төлөө хөлс хүчээ урсгасан. Одоо харин юу сурч мэдсэнээ харуулах цаг нь ирсэн гэж бодож байна” гэжээ.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд “Дашрамд хэлэхэд Монголын хөлбөмбөгийн холбоо тэр дундаа ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нарт баярласнаа хэлмээр байна. Учир нь Монголын хөлбөмбөгийн холбоо болон Японы хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэх, багш дасгалжуулагчдыг бэлтгэх зэрэг бүхий л талд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. Тиймээс та бүхэнд баярлалаа” гэв.
2019.10.10 Япон-Монгол
18:35 /Монголын цагаар/
2019.10.15 Монгол- Киргиз
16:00 МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд.











Монголын баг түүхэн тоглолтын өмнө | ||
Үзсэн: 1749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.