Шууд Chart

Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2013-07-09 17:39:27

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллана.
    

Баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, тойрон байрладаг үйлчилгээний цэгүүд, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай зэрэг иргэд олноор цуглардаг  баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдах, ёслолын буудлага хийх газруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийн үзлэг шалгалтыг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулж, бэлтгэл ажил дээр нь очин танилцаж,  аюулгүй байдлаа хэрхэн зөв зохистой хангах талаар заавар  зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Мөн баярын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах  10 дугаар ангийн гал унтраах тасаг Төв цэнгэлдэх хүрээлэнд, Аврах гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасаг, Аврах шуурхай салбарын аврах бүлэг  Хүй долоон худагт хүч нэмэгдүүлэн хамгаалалтанд гарч болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед бэлэн байдалд ажиллахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хот орчмын Туул голд голын усанд осолдож амь насаа алдахаас сэрэмжлүүлэн завьт эргүүл уртасгасан цагаар хүч нэмэгдүүлэн ажиллана. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах үйлчилгээний цэгүүдэд дүүргүүдийн гал түймрийн улсын хяналтын байцаагчид галын аюулгүй байдлыг хангах байгаа эсэхэд байнга хяналт тавьж ажиллана.    
 
Мэргэжлийн байгууллагын ирүүлсэн цаг агаарын мэдээнээс үзвэл баярын өдрүүдэд түр зуурын усархаг бороо орж, зарим үед хурц нар гарна гэсэн байгаа тул наадамчин олон маань аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, хамт олон найз нөхдөөрөө аялж зугаалахадаа үерлэсэн голын усанд орохгүй байх, удаан хугацаагаар орхиж явахдаа гэр орон сууц, албан байгууллагагынхаа цахилгаан хэрэгслийг салгах, хаалга цонхны бат бөх байдлыг хангаж, хариуцлагатай жижүүр эргүүлийг томилгоожуулан ажиллуулах, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж болзошгүй үер ус, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг  Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй