Шууд Chart

Галын улмаас хоёр хүн амь эрсдэж, найман машин шатжээ

2014-03-11 12:28:57

Дорнод аймаг, Матад суманд байрлах газрын түүхий тосыг цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт өчигдөр орой  20.48 цагт гал гарсан тухай өмнө нь мэдээлж байсан. Ослын талаар Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ослыг тодруулбал, тосны ачилт хийлгэхээр эгнэн зогссон арван машины баруун захаас гурав  дахь машинд гал гарч дэлбэрэлт үүсэн улмаар бусад машин шатсан. Ээлжийн оператор Цэдэнзэлэм ачилтын шахуургыг хаасан тул тос алдагдаагүй бөгөөд  Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн шугам хоолой, танк савнуудын аюулгүйн хавхлагыг хаан, цахилгааныг түр таслан галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
 
Галын үеэр БНХАУ-ын компанийн эзэмшлийн экспортын тосны тээвэрлэлтийн найман машин шатсан бөгөөд тус улсын харьяат хоёр  иргэн өртсөн байж болзошгүй. Талбайд хэн болох нь тодорхойгүй хоёр цогцос байна. Мөн БНХАУ-ын CNPC экспортын тосны тээврийн компанийн жолооч 40 орчим насны эрэгтэй 70 хувийн түлэгдэлттэйгээр Бичигт боомтоор БНХАУ руу яаралтай хүргэгджээ.
 
Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн зөвхөн ачилтын хэсэг галд өртсөн бөгөөд байгууламжийн бусад хэсэг болох түүхий тос цэвэршүүлэх, хадгалах хэсэг, ус шахалтын хэсэг, бохир ус цэвэршүүлэх хэсэг, түүхий тос буулгах хэсэг, 110 кВт-ын дэд станц,перфораци, шингэн хагалбарын шингэн цэвэршүүлэх caн зэрэг ойр орчмын барилга, байгаль орчинд ямар нэгэн осол гараагүй талаар албаныхан тодотгосон юм.
 
Одоогоор осол гарсан газарт Дорнод аймгийн Цагдаа, Гааль, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Прокурорын газрынхан ажиллаж байгаа бөгөөд  шүүх, эмнэлэг, түргэн тусламж, Матад сумын цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газарт үзлэг шалгалт хийж байгаа юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Галын улмаас хоёр хүн амь эрсдэж, найман машин шатжээ  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-03-11 13:04
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй