Шууд Chart

Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөлөө

2019-10-29 14:10:21

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо.

Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд, олон нийт, оюутан залуус оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийнхээ түүхт 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бид илүү бүтээлч, оюунлаг, шинэлэг, шинжлэх ухаанч байдлаар олон залууст үлдэцтэй, өгөөжтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж ажилласан. Ингэхдээ ирээдүйн улс орныхоо хөгжлийн алтан түлхүүрийг атгаж яваа хүүхэд, залуучууддаа илүү итгэл үнэмшил, зорилго тэмүүллийг бий болгох олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэн угтаж байгаадаа баяртай байна. Үүний нэг нь өнөөдөр зохион байгуулагдаж байгаа гурван цуврал бөмбөлөг хөөргөх арга хэмжээ болон залуучуудын дунд зохион байгуулсан “Бидний бүтээл сансарт” уралдаан юм. Өнөөдрийн арга хэмжээгээр дэлхийн хотуудаас анх удаа төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөж байгаа хот болж байна” хэмээлээ. 

Сансрын бөмбөлөг хөөргөх үеэр “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагналыг хотын удирдлагууд гардуулан өглөө. Уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, аймгийн ЕБС-ын сурагчдын 84 бүтээл ирсэн байна. Үүнээс МУБИС-ийн харьяа Лицей сургуулийн “Цагаан шонхор” багийн бүтээл нэгдүгээр байрт, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “О2” багийн бүтээл хоёрдугаар байрт, Баянзүрх дүүргийн “Глобал” олон улсын дунд сургуулийн “Глобал” багийн бүтээл гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Сансрын бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна www.marsa.mn сайтад бүртгүүлсэн 5745 хүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 380 иргэний нэрийг хөөргөв. Үүний зэрэгцээ сансрын бөмбөлөгт суурилуулсан тусгай мэдрэгчүүд хөөрөх явцдаа Нийслэл хотын агаарын чанарыг хэмжих тоон мэдээлэл цуглуулж, хэмжилт хийх даалгаврыг давхар гүйцэтгэнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.


Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөлөө  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй