Манай улсын мэдээллийн технологийн салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа. Монгол залуус технологийн шийдэл ашиглан иргэдийн цаг зав, хөрөнгө санхүүг хэмнэх шинэ үйлчилгээ нэвтрүүлснийг уншигч танд хүргэж байна.
Аялах дуртай залуус хамтран БНХАУ-ын 28 авиа компанийн дотоод нислэгийг шууд захиалах боломжтой систем нэвтрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зуучлагч, завсрын борлуулагч шаардлагагүйгээр вэб сайтаар шууд захиалах боломжтой болж байгаагаараа онцлог юм. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцахаар .....www.echina.mn үүсгэн байгуулагчдын нэг Ч.Арвинтөртэй ярилцлаа.

-БНХАУ-ын авиа компаний тийзийг бид шууд захиалах боломжтой болж байгаа юм байна. Хэрхэн яаж захиалах вэ. БНХАУ-ыг сонгосон нь ямар нэг шалтгаантай юу?
-Манай найзууд аялах дуртай. Жилд нэг удаа гадагшаа явдаг. Улаанбаатараас шууд нисэхэд их үнэтэй. Тийм болохоор бид Хятадаар дамжин Европ болон бусад улс руу нисдэг. Аялах үеэр хөгжилтэй бас хүндрэлтэй зүйлүүд багагүй тохиолддог. Онгоцноосоо хоцрох, хэл ус нэвтрэлцэхгүй байх, таньдаг хүн гуйж Хятадын дотоодын нислэг захиалдаг байлаа.
Ер нь аяллын нарийн төлөвлөгөө гаргахад нислэгийн хуваарь хамгийн чухал. Эрт захиалснаар илүү хямд ч байдаг. Бид ярилцаж байгаад Монголоос нислэгийн тийзээ шууд, хялбар захиалдаг үйлчилгээ нэвтрүүлье гэж шийдсэн. БНХАУ-ыг сонгосон шалтгаан гэвэл том гүрэн, хүн ам болоод худалдааны эргэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Манай улсын иргэд ч БНХАУ руу ихээр зорчдог. Нислэгийн үнэ нь ч харьцангуй хямд.
Онгоцны буудалд очоод гадаад паспортоо үзүүлэн, тийз хэвлэгдээд гарч ирэхэд маш их баярласан даа.
Бид санаагаа ажил хэрэг болгоё, бас олон хүний цаг зав, мөнгө санхүү ч хэмнэх байх гэж тооцоод сүүлийн зургаан сарын хугцаанд системээ бэлэн болгож, Хятадын 28 авиа компанийн нислэгийг нэг дороос, хүссэн өдөр, цагаа тохируулаад шууд захиалах боломжтой болголоо.
-Олон хүнд хэрэгтэй, цаг үеэ олсон ажил байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхээр орсон нь та нарын бизнэс болсон уу?
-Тийм ээ. Бид хүнд хэрэгтэй систем хийхийг хүссэн. Интернет байхад шууд ороод захиалаад гар утаснаасаа QR код уншуулан төлбөрөө төлөөд захиалгыг баталгаажуулах боломжтой. Үндсэн бүх үйлдэл автомат тул цаг алдахгүй байх давуу талтай.
-Системийн давуу талаа дэлгэрүүлж танилцуулахгүй юу. Манайд нислэгийн тийз захиалгын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд цөөнгүй бий. Тэдгээрээс ялгарах онцлог нь юу вэ, бас хөрөнгө оруулагч байгаа байх?
-Бид өөрсдийнхөө нөөц боломжоороо л хөрөнгөө шийдсэн. Манай гол давуу тал нь БНХАУ-ын 28 авиа компанийн системтэй шууд холбогдсон, төлбөр төлөхөд захиалга шууд баталгааждаг. Мөн манайд оператор байхгүй, бүрэн автомат систем. Тийз захиалах, буцаах, солих гэх мэт үйлдлүүдийг хэрэглэгч өөрөө хийх боломжтой. Манай улсад нислэгийн тийз захиалдаг олон компани байдаг ч онлайнаар хэрэглэгч өөрөө сонголт хийж, захиалах боломжгүй.
-Хятадын дотоодын нислэг хямд байдаг гэж ярьлаа. Төмөр зам, автомашин зэрэг бусад тээврээс хямд уу?
-Илүү хямд. Жишээлбэл: Бээжин рүү хүмүүс таксигаар их явдаг. 7-8 цаг явж очдог. Үнэ 200-250 юань. Гэтэл нислэг нь 320 юань. Гэхдээ онгоцны үнэ өдөр бүр өөр. Эрээнээс Бээжин рүү 1.40 минут цаг нисдэг. Замдаа ядрахгүй амар, маш их цаг хэмнэнэ. Хэмнэсэн цагаа хэрэгтэй зүйлдээ зарцуулбал зорьсон ажлаа илүү амжилттай бүтээнэ.
-Тийз захиалгын энэ системээ туршсан уу. Хэрэв захиалсан бол анхны захиалагч хаашаа явсан бэ?
-Бид зургаадугаар сард нээгээд туршилтын журмаар ажиллуулж үзсэн. Би хоёр найзынхаа хамт Тайвань, Хятадын хотуудаар явахдаа тийзээ захиалж үзсэн. Онгоцны буудалд очоод гадаад паспортоо үзүүлэн, тийз хэвлэгдээд гарч ирэхэд маш их баярласан даа. Буцахдаа манай нэг хүн нислэгээс хоцорсон. Сандраад л системээсээ хайхад ашгүй дахин нэг нислэг цагийн зайтай нисэхээр байсан. Бид тийзний захиалга дээр дугаарлаж байхдаа системээс захиалгаа оруулаад шууд ниссэн. Хамт явсан найзаасаа үнэхээр хэрэгтэй ажил болсон байна гэх урмын үг сонсоход сайхан санагдсан.
-Хятадын дотоод нислэгээс гадна олон улсын нислэг захиалж болох уу?
-Төлөвлөсөн. Энэ жил гаргана. Хамгийн гол нь операторын оролцоогүйгээр тийзээ шууд захиалах тул оффис болон бусад зардал гарахгүй. Дээр нь нислэгийн үнэ хямд байлгахаар зорьж байна.
-Танай багийн алсын хараа юу вэ?
-Хиймэл оюун ухаанд суурилсан, аяллын төлөвлөгөө гаргаж өгдөг систем хөгжүүлэхийг зорьж байна. Жишээ нь: Би Герман руу хамгийн хямд нөхцөлөөр явахыг хүсэж байна гэхэд систем автоматаар боловсруулалт хийн, аялах төлөвлөгөө гаргах юм. Энэ нь аялж байгаа хүмүүст их хэрэгтэй зүйл гэж бодож байна. Бид системээ судалгаа хөгжүүлэлттэй нь хослуулана гэж бодож байгаа.
-Ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: www.gogo.mn
| Монгол залуус БНХАУ-ын дотоодын нислэгийн тийзийг шууд захиалах автомат систем хийжээ | ||
| Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.