Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын чиг хандлага, хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан ухаалаг хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тус улсын арвин туршлага, цогц шийдлүүдтэй танилцав.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл (HDB), Хуримтлалын төв сан (CPF), Хамтын ажиллагааны байгууллага (SCE) болон Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Ухаалаг орон, дижитал засгийн газар (SNDGG)-ын удирдлагуудтай уулзав. Айлын тал байгууллагынхаа үйл ажиллагааны талаар тус тус танилцуулж, нийгмийн хөгжил, иргэдээ орон сууцаар хангах цогц бодлого, нийгмийн даатгалын тогтолцоо болон иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэх чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад тулгамдсан сорилтүүд ба шийдлүүд, хүрсэн үр дүн, мөн тус байгууллагуудын цаашдын бодлого, чиг хандлагын талаар мэдээлэл хуваалцаж, санал солилцов.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпораци зэрэг байгууллагуудын удирдлагууд багтсан байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийв | ||
Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.