
Монгол Улсынхаа түүх соёл, уламжлал, үндэсний хоолыг ялангуяа жуулчдад илтгэх нэгэн зочид буудал бий болсон нь “Nomado Conceptual Boutique Hotel” юм. Үүдээр нь дөнгөж ороход л Монгол ахуй "ханхийх" шиг санагдсанаа ч нуух юун.
Иймд тус байгууллагын гүйцэтгэх захирал Н.Батбаяраас дараах асуултад тодруулга авав.
-Ийм төрлийн зочид буудалтай болохыг хэзээнээс мөрөөдсөн бэ?
-Би төслийн менежер мэргэжилтэй л дээ. Харин манай эгч Сингапур-д 10 орчим жил бизнес эрхэлж байгаа. Тиймээс энэ давуу талаа ашиглаад хөрөнгө оруулгын төсөл бичиж, хоёр жилийн өмнө Сингапураас хөрөнгө оруулалт татаж авсан юм. Ингээд л зорьсон зорилгодоо хүрсэн дээ.
-Таны төсөл бусдынхаас илүү онцлог байгаад л зөвшөөрсөн болов уу ...
-Тийм шүү. Хэрвээ би энгийн нэг зочид буудал нээнэ гэсэн бол тэд сонирхохгүй нь ойлгомжтой. Тиймээс би “boutique hotel” нээе гэсэн төсөл бичиж, зөвшөөрсөн хариу авсан. Тэгээд ч ийм төрлийн зочид буудал Монголд л байхгүй болохоос дэлхий дахинаа маш их дэлгэрсэн шүү дээ. Ялангуяа Тайланд, Тайвань гэх мэт зүүн өмнөд Азийн орнуудад нэлээн хөгжсөн.
-Гэхдээ яагаад заавал “boutique hotel” төрлийг сонгосон гэж ...
-Хоёр жилийн өмнөөс манай улсад шинээр нисэх онгоцны буудал баригдана гэдгийг дуулсан болохоор аялал жуулчлалын салбар улам хөгжих нь дамжиггүй гэж бодоод энэ төрлийг сонгосон. Зочдыг хүлээж авах гол зүйл бол зочид буудал, амтат хоол байх шаардлагатай.
-Газраа хэрхэн шийдсэн бэ?
-Манай зочид буудлын суурин дээр аав, ээжийн маань өмнө нь амьдарч байсан байшин байсан юм. Тэгээд ч маш их хөрөнгө, хөдөлмөр шаардагдсан гэхээс илүү олон хүний сэтгэл шингэсэн байгаа. Хамтран ажилласан болон ажилласаар байгаад хүмүүсээрээ бахархаж байна.
-Би түрүүн өрөөнүүдээр чинь орж үзлээ л дээ. Их сонирхолтой санагдаж байлаа ...
-Ерөнхийдөө урлагийн мэдрэмж төрүүлэхүйц барилга. Жуулчид нийслэл Улаанбаатарт ирээд Төв гандан орж үзэхийг хамгийн их хүсдэг болохоор Гандантэгчлин хийдийн ойролцоо байрлаж байгаа минь сайн хэрэг. Тэгээд ч манай улсын түүх маш өргөн. Буудлын давхар 3,5,6,7. Дөрөвдүгээр давхар гэж байхгүй. Учир нь Сингапураас хөрөнгө татсан болохоор дөрөвдүгээр давхар гэсэн сонголтыг албаар хийгээгүй юм. Хятад, Япон Улсын эмнэлэг, зочид буудал гэх мэт газар дөрөвдүгээр давхар гэж байдаггүй шүү дээ. Учир нь дөрвийн тоон үхлийг илэрхийлдэг гэдэг. Давхар бүр нь онцлог Хүннүгийн үеийн давхар тухайн үеийн аж байдал, зан үйлийг илтгэх бол Хаадын үе гэсэн давхарт мөн түүний цаг үеийг илтгэх мэт. Давхар бүр есөн өрөөтэй бөгөөд өрөө бүр нь өөр өөрийн гэсэн өнгө аяс, онцлогтой. Монголын үзэсгэлэнт газрыг илтгэх давхарт “Говь” гэсэн өрөө бий. Тэр өрөөнд байрласан хүн говь нутгийн сайхныг мэдэрч, тусгайлан бэлтгэсэн танилцуулгыг уншиж болно. Мөн хамгийн дээд давхарт нь байрлаж байгаа “Алтай таван богд” өрөөнд орсон хүн дээврийнхээ цонхоор нар, сар, оддыг харж болохоор шийдсэн байгаа.
Ер нь манай зочид буудалд тухлаад гарсан жуулчид Монголын бүх цаг үеийг судлаад, үндэсний хоолыг нь амтлаад гарна гэсэн үг. Харин нэгдүгээр давхартаа ресторантой. Нэг жишээ хэлэхэд Сингапур манайх шиг улсынхаа соёлыг ингэж гоёор сурталчлах түүхгүй. Одоогоор манайх наадмын захиалгаа аваад дүүргэсэн байгаа. Үүнээс хойш дараагийн захиалгаа авна даа.
-Дэлхийн одууд тухайн улсын хамгийн тохилог сүлжээ зочид буудалд буухыг чухалчлах нь мэдээж. Гэвч тэдгээр буудлууд яг л нэг хэвийн байдалтайгаар хүлээж авдаг. Харин танайх тэднийг татат боломж бий юу?
-Тийм шүү. Жишээ нь Монголд байрлах “Шангри-Ла” зочид буудалд буусан хүн дараа нь БНСУ-ын “Шангри-Ла”-д буувал яг л ижил мэдрэмж хүлээж авна. Харин манай “boutique hotel”-д тухлавал Монголынхоо зан заншил, ёс заншил, хоол хүнс, түүх соёлоор давхар аялах давуу талтай. Нэг жишээ хэлэхэд Английн нийслэл Лондон хотын төв талбайн өмнө байрлах маш өндөр зочид буудлын дэргэд жижигхээн “boutique hotel” баригдаж, захиалга нь өдөр бүр дүүрэн байдаг гэсэн. Тэгэхээр жуулчид Английн түүх соёлыг давхар мэдрэх гэж саатдаг байна гэсэн үг. Харин би үйлчлүүлэгчидээ цаг хугацааны машин дотор ороод ирсэн мэт консептоор бютик буудлаа бүтээсэн.
-Загвар, шийдлээ та санаачилж гаргасан уу?
-Манай буудлын барилгыг босгоход гаднах фасадыг хоёр, дотор дизайнд гурав, өрөө тус хоёр, нийт долоон архитектур ажилласан. Эдгээрийг би зөвхөн санаачилж, төсөөллөө л хэлсэн. Гүйцэтгэлийг нь дандаа мэргэжлийнхэн хийсэн.
-Ярилцсанд баярлалаа.












Н.Батбаяр: Цаг хугацааны машин дотор ороод ирсэн мэт консептоор бютик буудлаа бүтээсэн | ||
Үзсэн: 2344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.