
Константиново тоcгон дахь Сергей Есениний гэрт би эзгүйд нь хоёр ч удаа зочилсон билээ.
Есенин 1925 онд нас барж, би 1942 онд төрсөн болохоор эзгүйд нь зочлохоос ч өөр аргагүй. Орос хэл гадарлах болсон бага залуугаас түүний мөнх залуу уянгыг шимтэн үзэж, цээжлэн унших боловч тансаг дэгжнийг нь эвдэн гутаахаас эмээж өдгөө болтол орчуулж зүрхлээгүй билээ. Есениний хэвлүүлсэн бүхнийг олж уншихыг хичээхийн зэрэгцээ түүний тухай хүмүүсийн дуртгал, өгүүлэл, нэг сэдэвт зохиолуудыг олдохын хэрээр үзсэн минь яруу найрагчийн гэрт эзгүйд нь зочилсныг цагаатгаж, зөвхөн гэрт нь төдийгүй Рязаны тал шиг уужим цэнхэр сэтгэлд нь нэвтрэн зочилсон гэж хэлэхдээ алдас болох вий гэж айхгүй байна.
.... Эдүгээ Есенинд зориулсан музей, нэрэмжит номын сан Москва, Ленинградад байхгүй ч гэсэн яруу найрагч ард түмний сэтгэл зүрхэнд хаврын цэнхэр сэвшээ, "ногоон талаар ягаахан морьтой давхин өнгөрөх" орь залуугийн дуулал болон мөнхөрчээ.
Одоогоос хэдэн жилийн өмнө Москвад Новодевичийн шарилын газар Марина Влади мөнгөөр цохиж Владимир Высоцкийн сүрлэг хөшөөг шарил дээр нь босгоход залуучууд тэнд л бужигнаж хөгжим тоглож, дуулж өнждөг, хэдхэн алхмын цаана байгаа Сергей Есениний даруухан цагаан баримал руу хөл татарсан юм шиг санагдаж билээ.
Гэтэл гурван жилийн дараа зориуд очиж үзвэл Есениний шарил л хүн, цэцэг хоёроор бялхсан хэвээр, харин Высоцкийн хөшөө огцом алдартаа уйдсан юм шиг зэс хүлээсээ "тийчилж" бухимдангуй харагдсан шүү. "Адарсүрэнгийн дууны тэмцээн болсон чинь өөрөө зургадугаар байр эзэлсэн" гэж нэг шог яриа байдагчлан Высоцкийн дуулдгийг Арбатын гудамжаар нэг арав хорин хүн дуулж байхад Есенинийг хэн дуурайж чадах юм бэ? Хорвоод ганцхан хувь найрагч юм чинь! ..."
- "Бодлын солбицол" сонин -1991 он.
/Энэхүү нийтлэл бүрэн эхээрээ биш, хэсэгчлэн нийтэлсэн бөгөөд Зохиолч Ж.Лхагвын сэтгүүл зүйн туурвилын нэгээхэн хэсгээс толилуулав./
Яруу найрагчийн үхэл | ||
Үзсэн: 2090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.