
“Монголын нинжа дайчид” буюу Ninja warrior шоу ням гараг бүрийн үдэш үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уяж” байна. Өчигдрийн дугаарын шилдэг оролцогчоор жүжигчин, тулаанч Ангууч буюу Батбаатарын Баттөр Batbaatar Battur нэрлэгдэж байгаа тул түүнтэй цаг болзож, ийнхүү ярилцав.
-Таны оролцсон "Монголын нинжа дайчид" шоуны дугаар өчигдөр МҮОНТ-ээр гарсан. Ойр дотны хүмүүс тань хэрхэн хүлээж авав. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Намайг байнга тэмцээн уралдаанд оролцдог ч миний ойр дотныхон цаг үргэлж л догдолж хүлээдэг. Энэ удаагийн шоуг бүр их хүлээж үзсэн шүү. Ялангуяа эмээд маань бүр их таалагдсан гэсэн. Учир нь тулааны шоу биш учир. Намайг тулаантай тэмцээнд оролцохоор сэтгэл нь тавгүй болдог юм шиг байна билээ. Тиймээс би эмээдээ “Миний оролцсон шоу тулааных биш шүү. Та телевизээр гарахаар нь тухтай үзээрэй” гэж хэлсэн. Мөн тулааны рингэнд гарах бүрт бурхандаа залбирдаг. Ялалт байгуулахад сэтгэл зүйн тэнхээ маш их хайрладаг. Өчигдөр гарсан шоуг үзчихээд “Миний хүү эр хүнд байх тэсвэр тэвчээр, хатуужил, эд хавыг харуулж чадлаа. Баяр хүргэе. Чи бол эмээгийнхээ хамгийн шилдэг хүү шүү” гэж хэлсэн.
-Энэ шоунд оролцох болсон шалтгаан юу вэ?
-Би АНУ, Австри, Герман гэх мэт Европын оронд болсон “Нинжа дайчид” шоуны бэлтгэлийн талбайд очиж үзсэн. Бэлтгэл ч хийсэн. Тэгээд ч багаасаа өөрийгөө сорьсон зүйлд оролцох дуртай байдаг минь нөлөөлж, “Монголын нинжа дайчид” шоунд оролцлоо. Дээрх орнуудын бэлтгэлийн газраар явж байхдаа “Хэрвээ энэ шоу Монголд болвол заавал оролцоно” гэсэн зорилгоо олсон. Үүнийгээ ч энэ удаа биелүүлж чадлаа. Мөн “Санто апартмент” компани намайг дэмжиж, хамтарч ажиллах санал тавьсанд нь бүр их баяртай байгаа.
-Европын орнуудын бэлтгэлийн заал манай улсынхаас хэр зөрүүтэй санагдсан бэ?
-Гадаадын орнуудад энэ шоунд оролцох иргэддээ зориулсан бэлтгэлийн заал тусгайлан бэлтгэдэг юм билээ. Харин манай улсад байдаггүй. Гэхдээ манай улсын шоуны давуу тал нь гарын атгалт, авиралтад зориулсан турник, хана, уул гэх мэт тохиромжтой орчин элбэг.
-Энэ удаагийн шоунд та өөрийгөө хэддүгээр даваа хүртэл явна гэж бодож байсан бэ?
-Аливаа тэмцээнд оролцох болгондоо би өөртөө “Түрүүлнэ” гэсэн зорилго тавьдаг. Тэр жишгээрээ л энэ удаа уг зорилгоо өмнөө барьж оролцсон ч харамсалтай нь түүндээ хүрч чадсангүй. Уг нь би дөрөвдүгээр үеийг давчихаад дээрээс нь хараад зогсож байна гэж бодож байлаа.
-Даалгаврууд ер нь ямар санагдсан бэ. Өмнө нь тусгайлан бэлтгэл хийсэн үү?
-Европын орнуудын бэлтгэлийн зааланд орж үзсэн гэж дээр хэлсэн дээ. Тэгэхэд эхлээд харахад амархан санагдаж байсан ч биеэрээ мэдрэхээр хэцүү гэдгийг ойлгосон. Үүнтэй адил манай улс дахь шоу ч мөн ялгаагүй харахад амархан мэт боловч яг гүйцэтгэх агшинд эсрэгээрээ болно гэдгийг төсөөлж байсан. Сэтгэл зүйн хувьд ч бэлтгэлтэй байсан. Тусгайлан бэлтгэл хийж амжаагүй ээ.
-Та саяхан Япон дахь шоунд мөн оролцсон гэсэн. Энэ талаараа сонирхуулаач ...
-Би өөртөө маш том гарцыг нээсэн гэж бодож байна. Зөвхөн Япон биш Израиль, Герман, Австрали, АНУ зэрэг орны шоунд оролцох бүрэн боломжтой болсон. Их наран улсад болсон шоу миний төсөөлж байснаас тэс өөр байлаа. Улс улсдаа түрүүлсэн оролцогчид тэнд өрсөлдөхдөө нэгдүгээр шатнаас нь эхлээд л хасагдаж байсан. Тэгэхээр Японы шоуг басч болохгүй юм билээ. Өвөрмөц шийдлээр тэмцээнээ явуулдаг нь анзаарагдсан.
-Нийт хэдэн оролцогч өрсөлдсөн бэ?
-100 оролцогч өрсөлдсөн. Харин гадаадын шилдэг найман тамирчин багтсан байсан. Тодруулбал, Монгол, АНУ, Австрали, Герман, Израиль, Хонгконг, Шинэ Зеланд, Английн тамирчид.
"Зөвхөн телевизээр л хардаг байсан хүмүүстэйгээ олон улсын шоунд хамтдаа оролцох үнэхээр сайхан санагдаж байлаа" гэж тэрбээр хэлэв. Монголынхоо нэрийг дэлхий дахинаа гаргаж, бусдад мөн ингэж хүндлүүлээд зогсч байх мөч чамд тун удахгүй ирнэ ээ.
-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ. Кино зураг авалтад орж байгаа гэж дуулсан ...
-“Монголын нинжа дайчид” шоуны үеэр “Мesmerizm”-ийн хамт олонтой хамтарч “Анагаахын алдартнууд” нэртэй киноны зураг авалтад орж байсан юм. Маш шахуу ажиллагаатай үе таарсан л даа. Дараагийн төлөвлөгөө бол АНУ-д болох тулаан. Одоогоор тов нь гараагүй байгаа ч “Драгон хаус” холбооны нэрийн өмнөөс өрсөлдөнө. Ер нь ойрын хугацаанд тулаандаа анхаарч, спортын карьераа үргэлжлүүлнэ. Мөн эрч хүчтэй залуу байгаа дээрээ кинонд тоглож, спортын зарим төрлөөр хичээллэхийг илүүд үзэж байна.
-Энэ олон спортын төрлөөс чухам яагаад тулааны спортыг илүүд үздэг юм бэ. Юу нь ингэж их татах болов?
-Жинхэнэ эрчүүдийн спорт. Үргэлж өөрийгөө сорьж, бэлэн байдалд байдаг. Мөн энх цагийн дайчдын нэг байгаа минь надад гоё мэдрэмжийг өгдөг.
-Дунд сургууль, оюутан байхдаа хэр их гар зөрүүлдэг байсан бэ?
-Нэг их зодолдоод байсангүй ээ. Гэхдээ ямар ч байсан хэн нэгэн дээрэлхэхийг хүсвэл айдаггүй байлаа. Ер нь бууж өгөх дургүй, шартай хүүхэд байсан.
-Цээжин дээрх шивээс чинь ямар учиртай вэ. Нууц биш бол тайлбарлана уу?
-Японы “Зэн” гэдэг тэмдэг. Би сэтгэлийн хүчийг бэлгэдэж шивүүлсэн.
-Ямар нэгэн бизнес эрхэлдэг үү?
-АНУ-ын хөрөнгийн биржтэй хамтарч бизнес эрхэлдэг. Мөн Монголынхоо зарим компанитай гэрээ байгуулсан байгаа.
-Гэр бүлийнхнээ танилцуулбал. Эхнэр, хүүхэдтэй юу. Зарим бүсгүй сонирхож байж магадгүй шүү дээ ...
-Найз бүсгүйтэй.
-Таныг инстаграм хуудсандаа олон дагагчтай гэх юм билээ. Хэзээ анх нээсэн бэ. Одоо хэдэн дагагчтай болоод байна вэ?
-2012 онд анх нээсэн. Тухайн үед хамгийн олон дагагчтай байсан. Харин одоо маш олон хүн энэ хуудсыг ашигладаг болсон болохоор би дундаж хэмжээнд л байгаа болов уу. Одоогоор би 160 мянган дагагчтай.
-Ярилцсанд баярлалаа.













Б.Баттөр: Тулаан бол зөвхөн жинхэнэ эрчүүдийн спорт | ||
Үзсэн: 10033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.