Шууд Chart

Годонхой цэцгийг эрчүүдэд бэлэглэхэд тохиромжтой

2019-12-22 15:02:01

Бид төрөл бүрийн тасалгааны цэцгийг гэр орон, албан тасалгаандаа тарьж ургуулан, түүнээсээ гоо сайхны таашаал авах дуртай. Мөн ямар нэг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр найз нөхөд, хайртай хүмүүстээ цэцэг бэлэглэх нь бий. Гэвч тарьж ургуулж байгаа болон бэлэглэж буй цэцгээ юуг бэлгэддэг, ямар утга учир агуулж буйг төдийлөн сайн мэддэггүй. Энэ удаад бид "эрчүүдийн цэцэг" хэмээн нэрлэгддэг годонхой цэцгийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. 

Годонхой цэцэг нь зоримог, аливаад тэмүүлэмтгий, тэргүүлэгч гэсэн утгыг агуулдаг учир ихэвчлэн эрчүүдэд уг цэцгийг бэлэглэдэг. Мөн энэ цэцгийг хайр сэтгэлд аз жаргал, амжилт авчирдаг гэж үздэг байна. 

Годонхой цэцэг Ароидын овгийн ургамал бөгөөд латин нэршил нь антуриум юм. Антуриум гэдэг нь латинаар “Anthos”-цэцэг, “oura”-сүүл гэсэн хоёр үгийн нийлэмж бөгөөд утгачлан орчуулвал "сүүлт цэцэг" гэсэн утгатай.

Годонхой цэцгийн эх орон нь төв болон өмнөд Америк. Дэлбээ навч нь улаан, цагаан, ягаан, холимог алаг өнгөтөй байдаг. Зөв арчилбал цэцэглэлт нь хавраас намар орой болтол үргэлжилдэг бөгөөд бусад цэцэгсийн адил өвөл амардаг.

Годонхой цэцгийн арчилгаанд зөв усалгаа хамгийн чухал. Услах ус нь бүлээн зөөлөн, тавьж хонуулсан, буцалсан ус байвал бүр сайн. Навчийг нь тогтмол цэвэрлэж шүршигчээр шүрших ёстой.

Нарны гэрэлд дуртай ч шууд тусахгүй газарт байрлуулвал сайн. Годонхой хэвийн ургалт, өтгөн цэцэглэхэд мэдээж хангалттай хэмжээний бордоо шаардлагатай.

Цэцэглэх үед хоёр долоо хоногт нэг удаа, өвөлдөө сард нэг удаа органик болон минералын бордоогоор ээлжилж бордох хэрэгтэй. Мөн жил бүрийн хавар хөрсийг нь солих шаардлагатай юм байна. Цэцгийн сав нь өргөн, намхан байвал тохиромжтой ба сав нь томдвол цэцэглэлт нь удааширч багасдаг ажээ. 


Годонхой цэцгийг эрчүүдэд бэлэглэхэд тохиромжтой  
Үзсэн: 3612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-27 17:17
СҮҮЛЭРДЭГ ЭРЧҮҮД ГЭСЭН ҮГ ҮҮ.ХХХ СҮҮЛТ ЭР.

Бидэнтэй нэгдээрэй