Шууд Chart

Т.Оч: “Монголын нинжа дайчид” шоу хүүхдүүдийн дунд зохиогдвол хоёр хүүгээ хамгийн түрүүнд бүртгүүлнэ

2019-12-23 11:20:46

“Монголын нинжа дайчид” шоу МҮОНТ-ээр ням гараг бүр гарч байна. Өчигдрийн дугаарын хамгийн шилдэг оролцогч бол хаданд авиралтын тамирчин, спортын мастер Т.Оч юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе. 

-МҮОНТ-ээс зохион байгуулж буй "Монголын нинжа дайчид" шоуны өчигдрийн дугаарт та оролцсон. Тэмцээний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Олон жил мартагдсан тэмцээн уралдааны сэтгэл зүй, сандарлаа дахин мэдрэх сайхан байлаа. 2008 он хүртэл тамирчны замналаа үргэлжлүүлж байв. Тэр онд спорт эсвэл амьдралаа сонгох уу гэсэн асуулт тулгарч, амьдралаа сонгохоор шийдсэн. Гэвч өнгөрсөн жил энэ тэмцээн Монголд болох гэж байгааг сонсоод бүртгүүлж, спортдоо эргэн ирсэн. Өнгөрсөн жил дээрх шоу багахан хугацаагаар хойшлогдоход нь хаданд авиралтын улс, хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёулангаас нь мөнгөн медаль хүртсэн. Спорт авиралт, хаданд авиралт нь миний хувьд спорт бэлтгэл сургуулилт гэхээсээ илүү амралт, хобби юм.

-Тэмцээнд зориулж тусгайлан бэлтгэл хийсэн байсан уу?

-Нэг сарын хугацаанд сайн бэлдсэн. Гэхдээ тамирчин байсан үеийнхтэйгээ харьцуулахад бэлтгэлжилтийн 75 хувьд ч хүрээгүй. Ажил байсны зэрэгцээ бас бус шалтгааны улмаас зав муу байлаа. Энэ шоу нь спорт авиралт, хаданд авиралтаас арай өөр юм билээ. Тиймээс тусгайлсан бэлтгэл хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Богино хугацаанд, өндөр ачаалалтай бэлтгэл хийх шаардлагатай юм билээ. Жингээ хасах гээд ч үнэхээр амжсангүй. Угаасаа богино хугацааны бэлтгэлд хоолоо огцом хасвал бүх зүйл дагаад унах магадлалтай. 75 кг-ын жинтэй л тэмцээнд орсон доо.

-Энэ шоунд оролцоход танай гэр бүл, найз нөхөд хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай гэр бүлийнхэн бүгд л баяртай хүлээж авсан. Манай хоёр хүү бол бөөн урам зориг. Ямар сайндаа “Хүүхдэд зориулсан шоу болох юм болов уу” гээд байх вэ дээ. Ээж маань намайг бага байхын л миний ганц хөгжөөн дэмжигч болохоор надаас ч хөнгөн шингэн болчихсон явна билээ. Миний спортын бүх амжилт ээжтэй минь холбоотой. Харин эхнэр маань тэмцээний үеэр гадаадад байж таарсан. Найз нөхдийн хувьд ёстой л янз бүрээр хүлээж авсан даа. Зарим нь ч бараг зэмлэх маягтай. Найзуудаас “Сүлдэр фитнесс” клубын захирал Х.Баттөмөр маш их тус болж, бүх бэлтгэлийн турш ярилцаж, зөвлөж, тусалсан. Дэлхийн аварга болж байсан мундаг тамирчин бий. Богино хугацаанд өндөр ачаалал авч бэлтгэлээ хэтрүүлсэн ч найзынхаа тус дэмээр хурдан сэхээ авч тэмцээндээ орсон доо.

-Өөрийнхөө алдааг юунаас болсон гэж бодож байна вэ?

-Төлөвлөгөөгөө эцсийн мөчид өөрчилснөөс болсон байх. Шат болгоны өмнө төхөөрөмжүүдийг хэрхэн давах талаар төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ дагуу л гүйцэтгэсэн. Харин яг эцсийн мөчид өөрчилсөн ганцхан шийдвэр нь гулсуурт турникээс үсрэх үед бодсон бодол. Тестийн бичлэг дээр нэг залуу нэг хөлөөрөө давуулж мордоод гудаснаас зуураад үлдсэн зураглал толгойд орж ирээд л. Уг нь өвдгөө шидээд үсрэх бэлтгэл хийж байсан хүн чинь нэг хөлөө түрүүлүүлээд явуулчихсан чинь яг гудсан дээр очоод буух үед ус руу орчихсон. Гарч ирээд “Юу бодож ийм зүйл хийв ээ” гэж их харамссан.

-Олон улсад энэ шоу болдог. Та аль нэг улсад болоход нь очиж үзэж байсан уу. Эсвэл телевиз, интернетээр ч юм уу?

-Би энэ шоуг хэзээ ч үзэж байгаагүй. Харин бүртгүүлснээсээ хойш бараг бүх улсад болсныг нь интернетээр нөхөж үзсэн шүү. Гол нь арга барил, дасгалуудын үндсэн техникүүдийг олж авах гэж хичээсэн. Гадны оролцогчид олон жилийн турш бэлдэж байгаад аварга болж байгааг хараад хүндлэх сэтгэл төрсөн. Мөн хурдхан л өөрөө хийж үзэхийг хүссэн.

-Энэ шоунд оролцож байгаа хүн хамгийн гол нь юунд илүү анхаарах шаардлагатай санагдсан бэ?

-Бусад спортын нэгэн адил байнгын бэлтгэл сургуулилт, оюун ухаан, сэтгэлийн хүчээ бэлдэх шаардлагатай юм шиг санагдсан. Хөдөлгөөний техникүүд ч гэсэн үндсэн хэдэн техникийн нэг. Гол нь толгойгоо зөв ажиллуулж, бусдаас суралцах хэрэгтэй юм билээ. Сайн анзаарвал би гүйцэтгэл хийж байхдаа сармагчны тэврэлтийг ханцуйгаараа арчих, торон дээр резинээ шалгах, саран ханан дээр гутлынхаа хээнд орсон цасыг гөвөх, аалзны алхаан дээр цацсан түрхлэгээ хатаах, агаарын багана дээр гараа амраах гээд төлөвлөгөөний дагуу л гүйцэтгэсэн. Жишээ нь, агаарын багана дээр хөлөөрөө хавчаад амарсан. Учир нь дасгалаа хийж байхад цаг явахгүй буугаад 1:30 секунд амрах ёстой. Тиймээс амархан дасгалуудад хурдан гүйцэтгэж, өөрийгөө амьсгаадуулж энергиэ шатаах хэрэггүй юм билээ. Миний бэлтгэл хийдэг үндсэн спортод хадан дээр гараа амраагаад сурчихсан байдаг. Хүмүүс рекорд хийх гэж байгаа юм шиг аль болох хурдан гүйцэтгэхийн төлөө хичээхээр амьсгаадах, хамаг булчин нь зуурах сөрөг тал харагдсан. Гэхдээ мэдээж хүн бүр өөр өөрсдийн чадвар, спортын онцлогтоо таарсан арга барилыг сонгосон байх л даа. Харин би илүү тайван арга барилыг сонгосон.

-Уулын спортоор хичээллэдэг тань энэ шоунд оролцоход давуу тал болж чадсан болов уу?

-Тийм ээ, би уулын спорт тэр дундаа спорт авиралт, хаданд авиралтын тамирчин. Энэ спортын төрөл маань нэлээн давуу тал болсон шүү. Ялангуяа гуравдугаар шатанд бүр их хэрэг болсон. Гадаст самбарт хэрэглэсэн арга бол мөсөнд авиралтын техник байсан. Гуравдугаар шат эхлэхийн өмнө манай найз “Энэ гадаст самбар нь л их эвгүй юм байна” гэхэд нь би “Наадах чинь асуудалгүй ээ. Би энэ хэсэг дээр нь харин ч бүжиглэнэ. Гэхдээ та нар битгий хашгаралдаад байгаарай, сандарч магадгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд гадаст самбарт хөлөө тохох үед тэнд байсан хүмүүс орилолдоод л. Гулсуурт турникний төгсгөлд бүгд надтай хамт савалцаж байх шиг санагдсан. Спорт авиралтын төрөлд онцлог, давуу тал хэд хэд бий. Товчхондоо бол мэргэжлийн зам тавьдаг хүн замаа тавиад бусад нь хэрхэн авирсныг нь харахгүйгээр өөрөө техникээ бодож олж өрсөлддөг болохоор огт хийж үзээгүй дасгалуудыг гүйцэтгэхэд их дэм болсон. Энэ тэмцээний хэцүү нь миний хийж үзээгүй дасгалууд.

-Уулын спортоор та ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Би олон жил энэ спортын шигшээ багийг ахалж байсан. Тухайн үед олимпийн төрөлд орно гэсэн ганцхан зорилготой байсан. Гэтэл сүүлдээ Монголд ч өрсөлдөх хүнгүй болж, хүртэж байсан одон, медалиуд ямар ч утгагүй, үнэ цэнэгүй санагдсан. Одоо бол энэ спорт 2020 оноос олимпийн төрөлд орж байгаа болохоор улам хичээх хэрэгтэйг мэдрүүлж байна. Тамирчин болсных олимпод орж үзэх юмсан гэдэг шинэ мөрөөдөлтэй сууна. 

-Спортын өөр төрлөөр хичээллэдэг үү?

-Би багаасаа цана, дугуй, адал явдалт спорт аялал, каное, каяак завиар уралдах дуртай байлаа. Ер нь сонирхсон бүх спортоороо хичээллэж үзсэн дээ. Тэр ч бүү хэл бөх барилдаж, ушу, каратэд явж, цэнгээнт бүжгийг ч орхиогүй. Монголын каноегын спортын уралдааны завин дээр хамгийн анх тогтож сурсан хүн дээ. 2002 онд Пусаны XII Азийн наадамд Каноегын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль хүртэж байсан. Мөн  спорт авиралтын Азийн аваргад оролцох гээд хоёр талд бэлтгэл хийх явцдаа нэгнээс нь хөөгдөж, нөгөөд нь чангалуулж байлаа. Тэр үед бэлтгэл цөмрөх ч үе тохиолдож байсан. Одоо бодоход яаж тэр олон спортын бэлтгэлийг өвөл, зунгүй амжуулж, аль завсраар нь ажиллаж, амьдардаг байсан юм бол гэдгээ ойлгодоггүй. Гэхдээ тэр үедээ бокс тоглосон бол зүгээр байж дээ гэж боддог. Хүртсэн медалиудаа торгонд зүүгээд цуглуулсан бол намайг лав хоёр бүтэн ороох байсан биз. Даанч би тийм бэлгэдлийн зүйлд дургүй.

-Таны үндсэн мэргэжил юу вэ. Одоо хаана ажилладаг вэ?

-Би одоо барилгын салбарт ажилладаг. “Топ волл” компанийн захирал. Мэргэжлийн хувьд Эрх зүй, эдийн засаг, Испани хэлний орчуулагч мэргэжилтэй боловч барилгын салбарт олон жил боллоо.

-Энэ шоу ирэх жил болвол та даагаа нэхэх үү?

-Мэдээж дахиж орно. Сонирхолтой, хөгжилтэй ч юм билээ. Гэхдээ хүүхдүүдийн дунд зохиогдвол хоёр хүүгээ хамгийн түрүүнд оруулна аа. Одоо манай хүүхдүүд надаас илүү бэлтгэлтэй байгаа. Учир нь нэвтрүүлэг гарахаар л гэрээр дүүрэн суниалт болдог.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Оч: “Монголын нинжа дайчид” шоу хүүхдүүдийн дунд зохиогдвол хоёр хүүгээ хамгийн түрүүнд бүртгүүлнэ  
Үзсэн: 5264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-26 09:50
mundag bsaan.ireh jil orooroi.amjilt husy
Зочин [127.0.0.xxx] 2019-12-24 23:10
Чадварлаг авхаалжтай даруухан залуу санагдсан ирэх жил заавал ороод аврага болохын ерөөл дэвшүүлье. Амжилт 3
Зочин [127.0.0.xxx] 2019-12-24 13:49
ёстой мундаг залуу, төгс байлаа, амжилт аз жаргалыг хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-23 16:48
huuhdiin temtseen bolvol goyo oo. encanto mall deer huuhdiin tuhuurumjuud irsen bn lee. ninja kids ch gel uu.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-23 12:44
Huuhdiin temtseen zohiogooroi

Бидэнтэй нэгдээрэй