-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө товч танилцуулаач?
-Амрыг эрье. Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа гэдэг хүн байна.
-Та нэг гэр бүлийн гурван хүний аварч маш том гавьяа байгуулсан. Тухайн үед болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Тухайн үед юу болсон бэ гэхээр 2019 оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын гуравдугаар багийн нутаг Дулаанхан тосгонд “Айл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад дөрвөн айлын орон сууц шатаж байсан. Ийн тэнд байсан хүмүүсээс шатаж байгаа байшинд хүмүүс байгаа талаар мэдээлэл авлаа. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан бөгөөд би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж дотогш нэвтрэхэд гэрийн эзэд нь угаартсан байдалтай ухаангүй байсан. Ингээд би эхэлж хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг эхэлж гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Дараа нь цаад өрөөнд байсан хоёр ой 5 сартай охиныг мөн авч гарсан.
-Таны аварсан гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал одоо ямар байгаа вэ?
-Одоогоор өрхийн тэргүүн, охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Харин эзэгтэй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь сайн байгаа гэсэн.
-Тухайн үед та гал руу орохдоо айж сандарсан уу. Таныг дээрх хүмүүсийг галаас аварсныхаа дараа ухаан алдсан гэсэн?
-Мэдээж гал руу өөрийн биеэр орохоор айх сандрах зэрэгцэж байсан. Гэхдээ төрдөө өргөсөн тангарагтай цагдаагийн алба хаагч учраас ямар ч байсан хүмүүсийн амийг аврах ёстой гэсэн бодол төрдөг юм байна лээ. Ямар ч байсан өөрийн хийх ёстой зүйлээ хийж гүйцэтгээд хүмүүсийг гэрээс нь гаргасны дараа ухаан алдаж унасан байсан. Одоо биеийн байдал маань хэвийн байна. Хэрэв дотор ухаан алдсан бол өөрийн амь нас эрсдэх аюултай байсан. Гэхдээ би үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэндээ баяртай байна.
-Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ нэр төртэй биелүүлсэн танд дахин баяр хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Баярлалаа. Би цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Эргүүлийн цагдаагаар эхлүүлж байсан. Ингээд 2017 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд орж, Дулаанхан сумандаа хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Би эхнэр хоёр хүүхдийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд ажиллаж амьдардаг. Сэлэнгэ аймгийн уугуул хүн.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд болон цаашдын ажил үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье.
-Баярлалаа та бүгдийн ч гэсэн ажил үйлсэд амжилт хүсье. Мөн шинэ оны мэнд хүргэе.
Ярилцсан: Цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяр
Н.Сайнзаяа: Гал руу ороход айж сандрах зэрэгцсэн ч, Төрдөө өргөсөн тангаргаа бодсон | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.