Шууд Chart

Ц.Мөнх-Эрдэнэ: Мундаг ах нарынхаа эгнээнд багтахыг маш их хүсч байна

2019-12-27 17:13:19

Би 2011 онд найман настай байхдаа ахыгаа дагаж “ДМЮ” клүбт орсон. Тиймээс энэ багийн соёл, уламжлалыг дэндүү сайн мэднэ. Өсвөрийн багийн оны шилдгийн шагнал миний хувьд маш их үнэ цэнэтэй. Хувь тоглогчийн хүртэж болох хамгийн том шагнал. Анх 2011 онд Б.Түвшинтөгс ахыг оны шилдэг хагас хамгаалагч, оны шилдэг тоглогчийн шагналыг хамтад нь авахыг харж байлаа. Түшка ах маш их баярлаж, амьсгаа нь давхцаж байж билээ. Дараа жил нь Ө.Төрбилэгт ах оны шилдэг хагас хамгаалагч, оны шилдэг тоглогчийн шагналыг давхар хүртэж, баг хамт олноороо нижигнэтэл алга ташиж баяр хүргэхийг хараад хэзээ нэгэн цагт клүбийнхээ оны шилдгээр тодрохыг мөрөөдөх болсон. Гэхдээ л урьд жилүүдэд надад хангалттай боломж олддоггүй байлаа. Би өөрийгөө болоогүй гэж бодоод нэг их хичээдэггүй, өрсөлдөөд ялагдсан ч харамсдаггүй байжээ. Жишээлбэл, дээд насныхандаа олон жил даруулсан 2002 оныхон өнгөрсөн жил зохих амжилтаа зүй ёсоор үнэлүүлж, бүх шагналыг хүртэхийг хараад маш их бахархаж, өөрөө шилдэг болсон мэт баярлаж байлаа.

Харин 2019 он миний өсвөрийн ангилалд тоглох сүүлийн жил байсан тул бүхнээ шавхасан. Гэхдээ зорьж байсан бүхэндээ хүрч чадаагүй болохоор эргэлзэж байна. Миний төрсөн ах Ц.Бат-Эрдэнэ 2013 онд их сайн тоглож, “ДМЮ” клүбийн өсвөрийн багийн оны шилдэг довтлогч болох шахсан ч А.Мөнх-Оргил ахад маш бага оноогоор ялагдсан. Тийм зүйл энэ жил надад тохиолдох вий хэмээн санаа зовж байна. Манай доод насныхан энэ жил сайн байсан. Оны шилдэг хагас хамгаалагчийн шагналыг би биш юм гэхэд бага насны Ч.Энхсүлд аваасай. Яагаад гэвэл тэр энэ жил үнэхээр шилдэг амжилт үзүүлсэн. Нэгдүгээр сарын 1-нд шинэ жилийн баярын үеэр том дэлгэц дээр юу гарахыг хэлж мэдэхгүй ч би “ДМЮ” клүбийн түүхэнд нэрээ мөнхөлж, мундаг ах нарынхаа эгнээнд багтахыг маш их хүсч байна. Бас их түгшиж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Мөнх-Эрдэнэ: Мундаг ах нарынхаа эгнээнд багтахыг маш их хүсч байна  
Үзсэн: 1640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй