Шууд Chart

Н.Ундрал: Арванхоёрдугаар сар жилийн хамгийн сайхан мөн завгүй сар

2019-12-30 12:46:48

MNB.mn сайт “Редакцийн зочин” булангийнхаа ээлжит зочноор Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Ням-Осорын Ундралыг урилаа. Бээжингийн хэл соёлын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бакалавр, АНУ-ын Colorado heights university, Монголын рояаль академийн мастер, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хэл шинжлэлийн докторант,

-Манай сайтын урилгыг хүлээн авсан танд баярлалаа.Удахгүй болох шинэ жилийн баяртай холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Юуны өмнө намайг “Редакцийн зочин” буландаа урьсан MNB.mn сайтын хамт олондоо баярлалаа. Үндэсний олон нийтийн радио, телевизийнхээ сайтад уригдаж, ярилцлага өгнө гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна. Би багаасаа л шинэ жилийн баярыг хүсэн хүлээдэг байлаа. Жил бүрийн шинэ жилийн баяраар манай аав, ээж гэртээ өвлийн өвгөн аавыг, цасан охидтой нь урьж ах бид хоёрт бэлэг өгүүлдэг байсан. Тиймдээ ч би өвлийн өвгөнийг бодит гэж төсөөлдөг байлаа. Мөн жил бүрийн шинэ жилийн тухай дурсамжууд минь хамгийн сайхнаар хадгалагдаж үлдсэн. Одоо ч аав, ээж хоёр минь өвлийн өвгөн, цасан охидоор хүүхдүүдэд минь бэлэг өгүүлдэг.

Арванхоёрдугаар сар бол жилийн хамгийн сайхан, мөн хамгийн завгүй сар. Миний хувьд шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр гэж ойлгодог. Гэр бүлдээ цаг зав зарцуулж, хамтдаа тэмдэглэдэг.

Гэхдээ телевизийн ажилтнууд бидний мэргэжил баяр ёслолоор ч ажилладаг гэдгээрээ онцлогтой. Телевизийн уран бүтээлчид оны сүүлийн өдөр, он гарах мөчид ч ажлынхаа хуваарийн дагуу ажлын байрандаа үүрэгт ажлаа гүйцэтгэдэг.

-Шинэ жилийн баяр дөхөхтэй зэрэгцэн хөтлөгч, нэвтрүүлэгчид маш олон урилга, захиалгад дарагддаг юм билээ?

-Арван нэгдүгээр сарын сүүлээс л завгүй өдрүүд эхэлдэг. Жилээс жилд надад ирж буй шинэ жилийн баярын урилгын тоо нэмэгдэж байгаа. Энэ жил хэд хэдэн шинэ жилийн баяр хөтөлсөн. Өдөр нь телевизийн ажлаа хийж, зочидтойгоо ярилцсаныхаа дараа орой нь шинэ жилийн үдэшлэг, баярын арга хэмжээнүүд хөтөлж байна.

-Багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг байсан бэ. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан уу?

- Манай аав телевизийн бүх л сувгийн мэдээг үздэг байсан. Энэ нь надад нөлөөлсөн байх л даа. Аавдаа “Охин нь зурагтын мэдээний хөтлөгч болно. Та охиноо харангаа, мэдээгээ сонсож байгаарай” гэж хэлдэг байсан. Би хүн юу ярьж, төсөөлнө түүнийхээ дагуу амьдардаг гэж итгэдэг. Хүүхэд ахуй насандаа телевизийн мэдээ үзээд, нэвтрүүлэгчдийг дуурайдаг байсан.

Манай арван жилийн сургууль хүүхдийн авьяасыг маш сайн нээдэг. Би арван жилдээ шүлэг зохиодог, уран яруу уншдаг мөн элдэв арга хэмжээ хөтөлдөг хүүхэд байлаа. Эргээд бодоход эцэг эхчүүд хүүхдэдээ “Чи бүхнийг чадна” гэсэн итгэлийг олгох ёстой гэж ойлгосон. Манай сургууль надад яг ийм зарчмыг зааж, хүмүүжүүлсэн болохоор би чадна гэсэн итгэлийг олж авсан. Тийм дээ ч би арван жилдээ дуу, хөгжим, гадаад хэлний олимпиад зэрэг бүх л уралдаан, тэмцээнд ордог, урлагийн үзлэгийн ихэнх номерт ордог байсан шүү. Гэхдээ миний ганц чаддаггүй зүйл бүжиглэх байсан.

Мөн “ТВ-9” телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн багийн идэвхтэн хүүхэд байсан. Харин 17 настайгаасаа үеийнхээ 10 мундаг найзтайгаа UBS телевизэд ажиллаж эхэлсэн. “C1” телевизийн нэвтрүүлэгч Чойжоо, “Стар” телевизийн “Учиртай урилга”, “Urban talk”-ийн хөтлөгч Учка, UBS-ийн Энжи, Royal ТВ-ийн Халиунаа, одоо үндэсний телевизэд хамт ажиллаж байгаа нэвтрүүлэгч Анхаа гээд тэр найзууд минь бүгд телевизийн салбарын нүүр царай болсон. Мөн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Цовоо багшийгаа дурдахгүй өнгөрч болохгүй. Багшдаа маш их баярладаг.

-Телевизийн нэвтрүүлэгч мэргэжлийн сайн болоод саар тал нь юу вэ?

-Саар тал нь тэр энэ гэж хэлж ёстой мэдэхгүй юм. Миний хувьд ажлын хариуцлагаа ухамсарладаг. Өөр бусад ажлаас зарим үед 5-10 минут хоцрох эрх байдаг. Тухайн үед дарга нь уурлаад эсвэл хариуцлага тооцоод л өнгөрнө. Харин телевизийн салбарт ганц секунд ч хоцрох эрх байдаггүй. Тиймээс цаг төлөвлөлт маш чухал. Би орой бүр маргааш хийх ажлаа төлөвлөснийхөө дараа унтдаг. Ингэхдээ өглөө босох цагаасаа эхлээд замын түгжрэлийг хүртэл тооцоолдог. Би ажилдаа эфир эхлэхээс хоёр цагийн өмнө заавал ирсэн байх ёстой. Тэр хугацаанд өөрийн, бие сэтгэлээ бэлдэнэ. Манай ажил маш их хариуцлага шаарддаг. Би өөрийгөө тэр хариуцлагыг ухамсарладаг гэж итгэдэг. Монголын үндэсний радио, телевизийн нэвтрүүлэгчид, миний бахархал болсон ах, эгч нар минь ажил мэргэжлийнхээ цензурыг маш өндөрт гаргаж тавьсан. Би тэр өндөр чанар, цензурыг унагахгүй, ажлын хариуцлага алдахгүй юм шүү гэж минут, секунд бүрт хичээдэг.

-Та сошиалд хэр идэвхтэй вэ. Таны сошиал хаягуудыг маш олон охин, бүсгүй дагадаг. Охид, бүсгүйчүүд танаас зөвлөгөө авахыг хүсвэл юуг захих вэ?

-Би сошиалд маш идэвхтэй байдаг. Охид бүсгүйчүүдээс надад хаягласан урмын үгс их ирдэг. Хааяа сөрөг сэтгэгдлүүд байдаг ч тэр бүрт хямардаггүй. Яагаад гэвэл намайг дэмждэг, надад итгэл хүлээлгэдэг хүн илүү олон байдаг. Охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй байгаасай гэж хэлмээр байна. Хэрвээ та өөртөө итгэхгүй бол өөр хэн итгэх вэ дээ. Байнга сайн сайхан зүйл бодож, ярьж байх хэрэгтэй. Үгний энерги, бодлын энерги гэдэг маш үнэн байдаг. Тэрийг л үзэл баримтлалаа болгож байгаарай гэж хэлмээр байна. Өөрийгөө голдог хүнийг бусад хүн ч гэсэн голно. Тиймээс өөрийгөө гололгүй би чадна, даваад гарна гэсэн итгэлтэй, дүүрэн эрмэлзэлтэй байгаарай.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Ер нь хүн гэдэг чинь урмын амьтан. Хэдхэн сайхан үгэнд баярладаг. Надад хэн нэг хүн ганцхан гоё үг хэлэхэд л би тэр өдөржингөө баярлана. Тиймдээ ч би эерэг байхыг хичээж, бусдад сайхан үг хэлэхийг эрмэлздэг. Хүний амьдрал богинохон. Энэ амьдралдаа хэн нэгнийг гомдоохгүй байхсан гэж боддог. Би амархан хямардаг, сэтгэлийн “дархлаа” муу, дорхноо гомдчихдог. Гэхдээ тэр хэрээрээ таагүй зүйлсийг амархан мартдаг. Өөрөө ийм хүн болохоор ч тэр үү аль болох бусдыг гомдоочих вий гэж эмээдэг.

-Эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн гоёлын даашинз, зүүлт чимэглэлээс тодорхой хэмжээгээр хамаардаг. Манай сайтын эмэгтэй уншигчид сонирхож байгаа байх. Та гоёлын даашинзуудаа хэрхэн сонгодог вэ?

-Өөрт таалагдсан загварын хувцсаа худалдаж, авахаас гадна захиалж хийлгэдэг. Охид, бүсгүйчүүд надаас зарим загварын хувцсаа хаанаас авсан бэ гэж асуудаг. Би завтай үедээ тэр бүх асуултад нь хариулж, туслахыг хичээдэг.

-Гоо сайхан, гоёлын эдлэл хэрэглэлийн цуглуулга бий юу?

-Эмэгтэй хүнд бүх л юм хэрэгтэй болдог. Гоё ганган гутал, даашинз, ээмэг зүүлт, цүнх гээд бүгд л хэрэгтэй байдаг. Үүнээс би ганган цүнх, аксессуар цуглуулах дуртай. Аксессуар зүүхгүй гэрээсээ гарах нь ховор доо.

-Ихэнх уншигч таны ахыг УИХ-ын гишүүн Н.Учрал гэдгийг мэднэ. Н.Учрал гишүүнийг хувь хүн талаас нь та л хамгийн сайн тодорхойлж хэлж чадах байх?

-Миний ах маш ухаалаг. Би өөрийгөө ахтайгаа зүйрлэж, харьцуулна гэхээр чаддаггүй. Аав заримдаа надад “ах шиг ээ бай” гэж хэлдэг. Харин би “ах бол цаанаасаа төрчихсөн хүн шүү дээ” гэдэг(инээв). Бид хоёр эцэг, эхээс хоёулханаа учир хоорондоо маш сайн ярилцаж, зөвлөлддөг. Багадаа бид хоёр эмээгийндээ өссөн. Тиймээс эмээгийн хүүхдүүд гэж болно.

-Таны аав, ээж хоёулаа Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор. Тэр хэрээрээ маш баялаг түүх, намтартай. Аав, ээжийгээ нэг өгүүлбэрт багтаан тодорхойлооч?

-Манай аав, ээж их эерэг хүн. Бүхнийг болно бүтнэ гэдэг. Хүмүүстэй маш сайхан харилцдаг. Бүх зүйлийг тунгааж боддог, хүн бүрт сэтгэлээсээ ханддаг, санаа тавьдаг, маш хариуцлагатай, нямбай хүмүүс.

-Аав, ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан бэ?

-Бага байхдаа би аавтай, ах ээжтэй адилхан байсан. Одоо хүн болгон намайг ээжтэйгээ адилхан болсон гэдэг. Хувь хүн талаасаа аав, ээжийн аль алиных нь занг авсан ч аав намайг ээжтэйгээ адилхан зан чанартай гэж хэлдэг.

-Аав, ээжийн ачийг хариулах учиртай гэж хүн бүр ярьдаг ч ингэх нь зөв гэсэн тогтсон ойлголт байдаггүй юм шиг ээ. Өөрийн тань хувьд хэрхвэл эцэг, эхийн ачийг хариулах вэ?

-Эцэг, эхийн ачийг хариулна гэж байдаггүй гэсэн. Миний хувьд зөв явж л хариулах ёстой гэж ойлгож байгаа. Сайн сайхан, зөв явахад эцэг, эх баярлана. Тэр нь л надаас гарах, хийж чадах зүйл маань юм. Тэрнээс эцэг, эхийн ачийг хариулна гэж байхгүй. Ачийг нь юутай ч зүйрлэшгүй.

-Нөхрөөсөө авч байсан хамгийн гоё бэлэг юу вэ?

-Манай нөхөр маш романтик. Хааяа цэцэгтэй угтана. Мөн шоконд оруулахаар гэнэтийн үйлдлүүд хийдэг. Арав гаруй жилийн өмнө нөхөр маань шивээс хийлгэнэ гэж ярихад нь ямар нэг хээ эсвэл тэр үед моданд орж байсан шивээс хийлгэх байхдаа л гэж бодсон. Тэгсэн миний фэйсбүүкээс өөрт нь хамгийн таалагдсан зургаа сонгоод гарынхаа дээд хэсэгт шивүүлчихсэн байсан. Маш сайн шивээсчинээр хийлгэсэн юм шиг байлээ. Яг л фото зураг шиг хийсэн. Найзууд нь бүр “Ямар эвгүй юм бэ. Эхнэр чинь хараад байгаа юм шиг” гэж хэлдэг гэсэн(инээв).

-Хүүхдүүддээ ямар хүмүүжил олгохыг зорьдог вэ?

-Би багаасаа л хайран дунд өссөн. Тийм хүүхэд хүн хайрлах сэтгэлтэй болдог гэж боддог. Хүүхдүүдээ яг тэр хүмүүжлээр хайраар дутаалгүй өсгөж хүнийг хайрладаг, хүнлэг хүн болгохыг боддог. Бага насандаа хүүхэд хайрлагдах л ёстой. Хайр мэдэрч өссөн хүн зөв хүн болно гэж итгэдэг.

-Ярилцлагын асуултууд бэлдэх гээд таны хэвлэлд өгсөн ярилцлагыг шүүсэн юм. Арав орчим жилийн өмнөх ганц л ярилцлага олсон?

-Надад ярилцлага өгөөч, нэвтрүүлэгт орооч гэсэн олон санал ирдэг. Би өөрийгөө ярилцлага өгөөд, нэвтрүүлгүүдэд зочноор оролцоод явах хэмжээнд очоогүй байгаа гэж боддог.

-Таны хэлэх дуртай уриа үг?

-Хүн бүрийн хэлдэг “санаа зөв бол заяа зөв” гэдэг үгэнд дуртай. Санаа зөв явбал болно гэж боддог.

-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

-Би романтик кинонууд үзэх дуртай. Саяхан “Last Christmas” киног үзээд маш их сэтгэл хөдөлсөн.

-Номын хувьд ямар төрөл, жанрт илүү дуртай вэ?

-Заавал унших шаардлагатай учир мэргэжлийн ном байнга уншдаг. Сүүлийн үед докторын зэргээ хамгаалахтай холбоотойгоор хэл шинжлэлийн номнууд уншиж байгаа. Надад бэлгэнд олон ном ирдэг. Хамгийн сүүлд АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Becoming” номыг монгол хэлнээ орчуулсныг уншсан.

Тогтмол ном унших зорилт тавьчхаад байгаа ч арванхоёрдугаар сард бол хэцүүхэн л явж байна(инээв).

-Телевизийн нэвтрүүлэгчдийн дүр төрх, хоолой үзэгчдэд танил дотно нэгнийх нь мэт ээнэгшин хоногшсон байдаг. Тантай таарсан телевиз үзэгчид ямар үг, үйлдэл гаргадаг вэ?

-Зарим хүн тааралдаад “Цагийн хүрд”-ийн нэвтрүүлэгч байна шүү дээ, амжилт хүсье, хөөрхөн бүсгүй шүү гэдэг. Ер нь манай үзэгчид урмын үг их хэлдэг юм билээ. Танихгүй хүмүүс надтай мэндлээд урмыг үг хэлэхэд нь би маш их баярладаг. Тэр өдөр бүхэлдээ аз жаргалтай өнгөрдөг.

-Аав, ээж нь охиныхоо хөтөлдөг мэдээ, нэвтрүүлгийг алгасахгүй үздэг байх. Танд юуг захиж, зөвлөдөг вэ?

-Ээж, аав байнга үздэг. Ээж надад үс, хувцасны тал дээр зөвлөдөг. Аав “Миний охин үндэсний телевиз маш том нэр хүндтэй байгууллага шүү. Үеийн үед үнэхээрийн мундаг нэвтрүүлэгчид ажиллаж байсан, ажилладаг” гэж хэлдэг. Нээрээ сонирхуулж хэлэхэд, аав залуудаа Монголын радиод нэвтрүүлэгчийн шалгаруулалтад оролцоод тэнцээгүй гэх шиг болсон шүү(инээв). Манай аав маш гоё хоолойтой л доо. Гэхдээ Монголын радиогийн нэвтрүүлэгчийн шалгуур маш хэцүү байсан гэдэг юм.

-Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе?

-Би түүхт 50 жилийн ой тохиосон жил МҮОНТ-д ажиллаж эхэлсэн. МҮОНТ-ийн нэг эд эс болсноо маш том хувь тохиол хэмээн бахархдаг. Монгол Улсын түүхийг бичилцсэн олон мундаг нэвтрүүлэгч, уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллана гэдэг бол миний хувьд маш том нэр төрийн хэрэг. Мөн зураглаач, техникч зэрэг арын албаны өнөр өтгөн, маш хүчирхэг баг хамт олны хүч хөдөлмөрөөр телевизийн хөтөлбөр, нэвтрүүлэг, уран бүтээл бүтдэг. Тэр олон уран бүтээлч, ажилтан, албан хаагчдын өндөрт өргөсөн үндэсний телевиз гэсэн нэр хүндийг унагахгүй хичээж ажиллах болно. MNB-ийн мундаг хамт олонтойгоо нэгэн үед мөр зэрэгцэн ажиллаж байгаа гэдгээрээ бахархаж явдаг. МҮОНРТ-ийн нийт хамт олон, ахмад үеийнхэн, удирдлагууд, үе үеийн MNB-ийн уран бүтээлчид, ажилтнууддаа бүгдэнд нь шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Ундрал: Арванхоёрдугаар сар жилийн хамгийн сайхан мөн завгүй сар  
Үзсэн: 7053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-01 01:22
ким со хуян киног гаргаж өгөөч солонгос кино
Зочин [127.0.0.xxx] 2019-12-30 23:54
Neg hayagnaas 10 udaa uuriiguu magtsiimuu xaxa
Sain saihan [127.0.0.xxx] 2019-12-30 17:25
Az jargal husii
хүндэлнэ [127.0.0.xxx] 2019-12-30 17:14
аав ээжтэйгээ ижил ухаалаг сайехан сэтгэлтэйе хүнийе төлөө бүсгүй юмаа.гадна дотроосоо гэрэлтсэн хүн юм
Mc [127.0.0.xxx] 2019-12-30 17:11
Яг л ийм хүн дээ, гэрэл гэгээ цацарсан сайхан хүн шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-30 16:44
ярилцлагынх нь зарим хэсгийг нь уншсан үнэхээр өхөөрдөм хайр татам юмаа
Зочин [127.0.0.xxx] 2019-12-30 16:27
Unheer haraad hundlehgui baihiin arga ugui tiim mubdag daichun hun haraad l shuud erch huchiig mederdeg
Зочин [127.0.0.xxx] 2019-12-30 13:50
Mundag baxarxam saixan busgui shuu. Xun ooriigoo tal bureer xogjuulj chadwal amidral tuund az jargal gedeg beleg ogdoog gej oilgogdoxoor zondoo saixan yaria ornuuljee. Shine onii mend xurgey.
Uka [127.0.0.xxx] 2019-12-30 13:19
Vneheer vzesgelentei, hudulmurch saihan emegtei shvv!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-12-30 13:18
wooooooow myndag yumaa

Бидэнтэй нэгдээрэй