Шууд Chart

“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэв

2020-01-09 13:55:57

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хуралдаанд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр танилцуулав.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичиг нь дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй байдаг бол Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг 16 зорилго, 83 зорилт, 168 шалгуур үзүүлэлттэй байхаар төлөвлөсөн. Эдгээр зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтүүд нь ХОТ /Хүн-Орчин-Төлөвлөлт/ концепцийг хэрэгжүүлэхэд бүрэн чиглэгдсэн бөгөөд хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэхэд 101 шалгуур үзүүлэлт, орчин төвтэй шийдлийг хэрэгжүүлэхэд 22 шалгуур үзүүлэлт, төлөвлөлт төвтэй хөгжлийг хэрэгжүүлэхэд 45 шалгуур үзүүлэлт чиглэгдсэн байна. “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлуулснаар хөгжлийн нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдааг хангах, төсвийн төлөвлөлтийг бодитой болгох, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, нөхцөл байдлаа бодитоор үнэлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрэн бүрдүүлж, санхүүжилтийн бүх хэлбэрийг ашигладаг болох, тогтвортой хөгжил бүхий хөгжингүй хот болох зэрэг боломжууд тус тус бүрдэх аж.

Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг ХОТ концепцитой нарийн уялдуулах шаардлагатай” гэдгийг онцолж хэлэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, хэтийн зорилтод тусгах нэмэлт саналаа хэлэн, энэ асуудлыг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанд “Улсын аварга фермер”-т тодорхойлох тухай асуудлын танилцуулгыг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын орлогч дарга Д.Пүрэвсүрэн хүргэлээ. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, “Улсын аварга фермер”-ийн болзолыг хангасан Ш.Шүрэнцэцэг, Б.Мандах нарыг танилцуулга материалыг холбогдох яам руу явуулахыг дэмжсэн юм.


“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэв  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй