Өнөөдөр Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тус холбоо нь бүх аймагт салбар зөвлөлөө байгуулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд зарим аймагт салбар зөвлөлөө ажиллуулаад эхэлжээ. Ахмадуудын асуудлыг нэгдмэл хэлбэрээр /нам, нас, тэтгэврийн хэмжээ, хийж байсан ажил албыг үл харгалзан/ ажиллуулах болсонд ахмадууд сэтгэл өндөр байгаа юм байна. Учир нь Ахмадын хөгжлийн төв, тэтгэвэр, тэтгэврийн зээлийн хүү, эрүүл мэнд, насжилт судлалын төвийн бодит байдал, харьяалал, шагнал урамшил, эрүүл мэнд зэрэг сэдвийн дор хот хөдөөгийн 70.000 гаруй ахмадад лекц уншжээ. Мөн Монголбанк, Хаан банк, Төрийн банк, Голомт банк, Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банкууд болон тэтгэвэр авагч ахмадуудын төлөөлөлтэйгээр ахмад тэтгэврийн зээлийн хүү, зээлийн бичилт, бусад үйлчилгээ, харилцааны талаар ярилцжээ.
Банкуудтай уулзах болсон шалтгаанаа “Ахмадууд тэтгэврийн зээлээ өөрт зориулах биш үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, орон байр авах зэрэгт зориулан нэг дор ихээр авч байна. Иймд банкны хүүг 1.5-аас нэг хувь хүртэл бууруулах зорилготой байна. Гэвч хүүг багасгах асуудал нь банкны өөрийнх нь асуудал” гэсэн юм. Түүнчлэн ахмадуудын олонх нь амьдралд хүрэхгүй бага тэтгэвэртэй, банкинд тэтгэврийн зээлтэй, ажилласан жил, авдаг цалин, мэргэжил нь ижил боловч тэтгэвэр нь өөр тогтоогдсон, ажилласан жилийнхээ холбогдох баримтын архив нь устгагдсан, эрүүл мэндийн хүрэлцээтэй, үйлчилгээ авч чаддаггүй, амралт сувилалд хамрагддаггүй, ганцаарддаг байдалтай байдаг аж.
Мөн ахмадуудад зориулж гаргасан хуулийг өөрчлөхийг хүсч байгаа бөгөөд энэ хууль бүх ахмадуудад адил тэгш үйлчлэхгүй байна гэдгийг энэ үеэрээ мэдэгдлээ. Түүнчлэн Монголын ахмадын холбоонд хүмүүс их гомдоллож байгааг хэллээ. Учир нь зах зээл шилжсэн сүүлийн 20 гаруй жилд ахмадуудад жигд хүрч ажиллаагүй, тулгамдаж байгаа асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэж байгаагүй гэнэ. Уг байгууллага нь 2000-2003 оны хоёрдугаар сарыг хүртэл нийт 788 сая 808 мянга 200 төгрөгийн төсөв улсаас авсан байна.
Ахмадууд тэтгэврийнхээ зээлийг өөртөө зориулахгүй байна | ||
Үзсэн: 1773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.