
Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ой өнгөрөгч долоо хоногт тохиолоо. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагын удирдлагууд, ахмад дайчид Чингисийн талбайд орших жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монголын үе үеийн дайчин баатарлаг цэрэг эрст хүндэтгэл үзүүлж, магтан алдаршуулж, дурсан санадаг энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцсон юм.
Өнгөрөгч долоо хоногт манай улсад ОХУ-ын "Роснефть" компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийсэн. Түүнийг буцсаны дараа ОХУ хилээр гаргах шатахууны үнээ нэмсэн гэсэн мэдээлэл гарч энэ нь тус улсаас шатахууны импортын цөөнгүй хувийг хангадаг манай улсад дахин дотооддоо шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ярьж байсан. Гэвч энэ мэдээллийг худал гэдгийг Ерөнхий сайд Ч.Алтанхуяг хэллээ. Түүний хэлснээр "Роснефть" компанийн удирдлагууд Монгол Улстай урт хугацаанд тогтвортой үнээр шатахуун нийлүүлэх бодолтой байна гэж мэдэгдсэн аж. Засгийн газрын тэргүүний мэдээлснээр Шинэчлэлийн Засгийн газар шатахууны үнийг тогтвортой барьсаар ирсэн. Цаашид ч шатахууны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй гэлээ.
Цаг агаарын дулааралтай холбоотой мөсний нягт багасаж, цас, мөс эрчимтэй хайлах үеэр голын ус эргээсээ хальж ойр орчимд нь суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах тохиолдол гардаг. Иймд малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаажуулах хорооны шийдвэрээр улаанбурхан буюу кор өвчнийг бүрэн устгасан Австрали, Өмнөд Солонгос, Макао, Монгол гэсэн дөрвөн улсад энэхүү гэрчилгээг гардуулахаар болсон байна. Манай оронд 2000 онд халдварт саа өвчнийг устгаж ДЭМБ-аас анх удаа гэрчилгээ авч байсан бол 14 жилийн дараа улаанбурхан өвчнийг бүрэн устгаж чадсан улсын тоонд багтаад байгаа юм.
Шинэчлэлийн Засгийн газрын "11-11" төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой байдаг. Өнгөрсөн долоо хоногт "11-11" төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан оролцож, иргэдийн асуултад хариулах үеэр 3500 гаруй иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлснээр ирж байгаа асуултын дийлэнх нь тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байлаа.
Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын нэгнээс эхлэн нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэрээр 200.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр, 600.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22.0 мянган төгрөгөөр, 600.0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.3 мянган төгрөг байсныг 207.3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг байсныг 172.2 төгрөг болгон шинэчлэн тогтоосныг НДЕГ-ын дарга хэллээ
. Улсын хэмжээнд байгаа 318.000 орчим тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20.0 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан иргэдийн тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-д өөрчлөлт орсныг НДЕГ-ын дарга хэллээ. Энэ өөрчлөлтөөр дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эсвэл нас харгалзахгүйгээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 1991-1994 онд тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамруулан бүртгэж байна гэлээ.
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт энэ оны нэгдүгээр сарын сүүлээр гарсан малын гоц халдварт шүлхий өвчин бүрэн намжаагүй хэвээр байна. Өвчний голомттой буюу Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 сумын нутагт 3429 мал өвчилснөөс бүгдийг нь устгажээ. Ойрын өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий аймагт мал нэмж өвчлөөгүй байгаа бол Дорноговь аймгийн Даланжаргалан сумд найман үхэр нэмж өвчилснийг устгаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шагналын хур буулгалаа. Салбар салбартаа гавьяа байгуулж, хөдөлмөрөө үнэлүүлсэн хүн олон байв. Эл өдөр монгол түмний хайртай дуучин “Харанга” хамтлагын Б.Лхагвасүрэн, олноо “Солгой” хэмээн алдаршсан Н.Төмөрхуяг нар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор энгэрээ мялаалаа. Харин Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулан, чөлөөт уран бүтээлч Ш.Ванчаарай нар Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Соёл, урлагийн их сургуулийн ахлах багш Д.Цэцэрлэг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнууллаа.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.