Шууд Chart

Гамшгийн дуут дохиолол орон даяар дуугарна

2014-03-26 11:39:30

“Гамшгаас хамгаалах тухай хууль”, Засгийн газрын тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”,  “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ сарын 27-нд буюу маргааш 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулна.

Дээрх журамд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг гурав дах жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.  

Дасгал сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг нийслэл хот болон аймаг, орон нутгийн хэмжээнд ашиглагдаж байгаа зарлан мэдээллийн дуут дохиоллын тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг шалгаад байна. Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиололын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэх юм байна.
 
Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын 40 цамхаг, МҮОНРТ, “UBS”, “Монгол НD” телевиз, үүрэн телефоны Мобиком, Юнител компаниудын сүлжээ, Улаанбаатар фм 102.5, Авто радио фм 96.3, Гэр бүлийн радио фм 104.5, Лавайн эгшиг фм 97.5,   МҮОНР-ийн нэгдүгээр суваг, мэдээллийн сайт бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан ажиллах юм байна.
 
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагын үеэр Баянзүрх дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах юм. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гамшгийн дуут дохиолол орон даяар дуугарна   
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй