Шууд Chart

ОХУ Венесуэлтэй харилцаагаа эрс сайжруулна

2020-02-08 18:20:41

АНУ Венесуэлд үзүүлж байгаа дарамт, шахалтаа улам нэмэгдүүлж байгаа энэ цаг үед Оросын Гадаад Хэргийн сайд Каракас хотод айлчлал хийлээ. Энэ үеэр тэрбээр ОХУ Венесуэлтэй эдийн засгийн төдийгүй батлан хамгаалахын салбарт дахь хамтын ажиллагаагаа эрс сайжруулна гэдгээ илэрхийлжээ.

Мөн ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуротой уулзалт хийсэн байна.  Ерөнхийлөгч Мадурог төрийн эрх мэдлээс нь хүчээр холдуулах гэсэн аливаа оролдлогыг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Сергей Лавров уулзалтын дараагаар хэвлэлд өгсөн мэдээлэлдээ онцолжээ. Оросын Гадаад Хэргийн сайд  Америкийн хууль бус хоригийг үл харгалзан хоёр улс эдийн засаг, худалдаа, болон хөрөнгө оруулалт гээд хэд хэдэн салбар дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх талаар санал нэгдлээ гэсэн байна. Тэр дундаа, эрчим хүч, байгалийн баялаг  болон аж үйлдвэрийн салбарт онцгой анхаарал хандуулж байгааг хэлжээ.  Ирэх 5 дугаар сард Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро Москва хотод айлчлах болсон юм.

Хоёр талын хамтын ажиллагааны нарийн, чухал асуудлууд энэ үеэр эцэслэн шийдэгдэх юм.  ОХУ Венесуэлд их хэмжээний зээлийг олгож, тус улсын газрын тосны салбар болон батлан хамгаалахын салбарт ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг шинжээчид онцолж байгаа юм. Харин АНУ-ын зүгээс ерөнхийлөгч Мадурог авлигалд автсан, балмад дэглэмийг удирдагч гэж буруутгаж байгаа. Өнгөрсөн баасан гарагт АНУ Венесуэлийн төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болох “Конвиаса”- гийн эсрэг хориг тавьсан юм.

Вашингтон Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог идэвхтэй дэмжиж байгаа.  Өнгөрөгч долоо хоногт болсон Америкийн ерөнхийлөгчийн Нэгдсэн улсын нөхцөл байдлын илтгэлд  оролцохоор уригдсан тусгай зочдын нэг нь Хуан Гуайдо байсан юм.  Эдийн засгийн сүйрэлтэй нүүр тулгараад байгаа Венесуэл улсад өнгөрсөн жил инфляц 800 мянган хувьд хүрч,  гурван сая хүн эх орноосоо дүрвэсэн юм. Мадурогийн засаглалыг хүчтэй шүүмжлэгч Гуайдо АНУ төдийгүй барууны орнуудаас ихээхэн дэмжлэгийг хүлээж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Венесуэлтэй харилцаагаа эрс сайжруулна   
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй