Шууд Chart

Энэтхэгт гал тогооны өрөөний усны цоргоноос согтууруулах ундаа гоожих болжээ

2020-02-09 11:59:14

Энэтхэгийн Керала мужид орон сууцны усны цоргоноос их хэмжээний согтууруулах ундааны хольцтой ус гарах болсон байна. Энэ үйл явдал оршин суугчдын гайхшралыг төрүүлсэн талаарх мэдээлэл Би Би Си агентлаг дээр гарчээ.

Керала мужийн Тхриссур дүүрэгт байрладаг орон сууцнуудын усны цоргоноос шар айраг, дарс  болон коньякийн хольцтой ус гарчээ.  Айлуудын гал тогооны өрөөний усны цоргоноос согтууруулах ундааны үнэртэй, бор өнгө бүхий ус гоожих болж. Гайхаж, балмагдсан оршин суугчид энэ талаарх мэдээллийг албаныханд хүргэж, мэргэжилтнүүд шинжилгээ явуулжээ. Тхриссур дүүргийн нийт 18 орон сууцыг усаар хангадаг гүний худаг бохирдсон болохыг шинжээчид тогтоосон байна. Худагны ойролцоо хууль бус ажиллагааны улмаас хураагдсан 6000 литр согтууруулах ундааг булж, устгалд оруулсан юм. Ийнхүү газар доор булсан их хэмжээний архи, согтууруулах ундаа хөрсөөр тархаж, ойролцоох худгийг бохирдуулжээ.  Оршин суугчид таагүй үнэр бүхий усыг хэрэглэхээ аль хэдийн зогсоожээ.  Цэвэр усны гачигдалд орсон оршин суугч нар хувцсаа угааж чадахгүйд хүрч, хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явж чадахгүй байгааг учирласан байна.

Худгийг бүрэн хэмжээнд цэвэрлэж, ариутгах ажил нэг сарыг авах төлөвтэй байгаа учраас оршин суугчид зөөврийн ус ашиглах болжээ. Албаныхан хохирогч болсон айл өрхүүдийн дунд өдөрт 5000 литр ус тарааж байгаа ч энэ нь хангалтгүй байгаа гэнэ. Керала муж нь архины хэрэглээгээрээ Энэтхэг улсдаа тун дээгүүрт бичигддэг байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгт гал тогооны өрөөний усны цоргоноос согтууруулах ундаа гоожих болжээ   
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй