Хятадын Хубэй мужид л гэхэд шинэ төрлийн коронавирус 780 хүний аминд хүрээд байна. Хубэй муж, тэр дундаа Ухань хот энэ аюулт вирусийн голомт гэгдэж буй юм. Хятадын их газар болон Хонконгт коронавирусийн халдвар авч, амиа алдсан нийт хүний тоо 803 болоод байгаа юм. Энэ нь коронавирусээр амиа алдсан хүний тоо САРС буюу Амьсгалын Цочмог Халтай Хам шинж өвчнөөр амиа алдсан хүний тооноос даваад байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. 2003 онд Сарс вирус дэгдэж, дэлхийн 20 гаруй оронд тархаж байсан юм. Энэ вирусээр 770 гаруй амиа алдаж байжээ.
САРС вирусийг муурын төрлийн амьтнаас хүнд анх халдварласан гэж судлаачид үзэж байсан. Харин шинэ төрлийн коронавирусийг могойноос хүнд дамжсан байх магадлалтай гэж үзэж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийг 2019 -nCoV гэж нэрлээд байна. Энэ вирусийн халдварыг авсан хүний тоо 35 000 орчим болжээ.
Сонирхуулахад, Хятадын хоёр тусгай захиргааны бүсийн нэг болох Хонконг шинэ коронавирусийн тархалтын эсрэг тэмцэх арга хэмжээгээ улам чангатгаад байна. Хонконгийн засаг захиргаанаас Хятадын их газраас ирж байгаа бүх иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг гаргасан байна. Хятадаас Хонконгт түр зочилж байгаа иргэд зочид буудлын өрөө эсвэл тусгай төвүүдэд гадагш гарахгүйгээр хэсэг хугацаанд байрлах ёстой юм.
Харин Хятадад зорчоод ирсэн Хонконгийн оршин суугчид гэртээ 14 хоногийн турш хөл хорионд байх юм. Дээрх журмыг зөрчсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээнээс гадна хорих хүртэл ялаар шийтгэхээр болжээ. Хонконгт коронавирусийн халдварын 26 тохиолдол бүртгэгдээд байна.
| Коронавирусээр амиа алдсан хүний тоо “САРС” вирусээр амиа алдсан хүний тооноос даваад байна | ||
| Үзсэн: 1530 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.