Шууд Chart

Балмад этгээдүүдийн гараас балчир үрсээ аваръя

2014-03-26 13:38:51

Монголын ирээдүйг юу хүлээж байгаа бол гэх шимшрэл сэтгэлд хургаад болдоггүй. Хүүхдийн эсрэг чиглэсэн, тэднийг тамлан зовоосон санаанд багтамгүй жигшүүрт хэрэг гарсаар буй нь ийн бодолд автуулаад байгаа хэрэг л дээ. Бид ер нь ирээдүй болсон хүүхэд, багачуудаа хэрхэн хүмүүжүүлж, үргэлжлэлээ хэр “бэлтгэж”, тэдэнд ямар үлгэр дууриалал үзүүлж байна вэ. Магад ч үгүй дийлэнх нь сөрөг нөлөө байж болох юм. Уншуулж буй үлгэр, үзүүлж буй кино, ярьж буй үгс, үйлдэж буй үйл хөдлөлөөрөө ч томчууд бид тэднийг буруу зам руу будаа тээлгэх арга замыг заасаар байна. Энэ бүгдийн цаана хүүхдийн эрх, эрх чөлөө ноцтойгоор зөрчигдөөр буй нь үнэн юм.

Хүүхдийн эрхийг зөрчсөн сэтгэл шимшрүүлсэн мэдээ цөөнгүй дуулдах болов. Хэдхэн жишээгээр л энэ бүхэн нотлогдоно. Эдүгээгээс нэг жилийн өмнө Хөвсгөл аймагт 16 настай хүүг тарчлаан, гурван жил амбаарт хорьсон санаанд багтамгүй хэрэг гарч байсан. Эл хэргийн хохирогч хүү 13 настайгаасаа хойш амбаарт хоригдон, нохой мэт амьдарсан байдаг. Дулаан цагт модон амбаарт хоригдож, хүйтний улиралд айлын үүдэнд хоног төөрүүлж, бүтэн гурван жил тарчилсан хүүгийн тухай дуулаагүй өнгөрсөн хүн бараг үгүй биз. Хүүг нялх байхад эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулж, шүүх хурлаас аавынх нь асрамжинд үлдээх шийдвэр гарсан нь түүнийг бусдын гарт тамлагдах шалтгаан болсон байсан юм. Аав нь цаг бусаар хорвоог орхиж хүү гэртээ ганцаар үлдэх болоход аавынх нь эгч түүнийг өсгөх нэрийн дор дээрх жигшүүрт хэргийг үйлдсэн байдаг. Хөрш айлынх нь амбаараас хүнсний зүйл алга болсон сэжмээр энэ хэрэг олонд дэлгэгдэж хэсэгтээ шуугиад л намжсан юм. Хүүг төрүүлсэн ээж нь асрамжиндаа авсан гэсэн мэдээллээр эл хэргийн тухай хуурай өвсөнд дэгдээсэн түймэр мэт газар авч байсан яриа дорхноо намжсан билээ. 

Мөн жилийн өмнөхөн гарсан олныг цочирдуулсан хэргийн тухай та бүхэн бараг мэдэж буй биз ээ. Таван настай балчир үрээ заазуурдаж хүнд гэмтээсэн ноцтой хэрэг Баянзүрх дүүргийн товчооны ойролцоо гарч байсан. Хүүгээ өөрийн хүү биш гэж эхнэрээ хардахдаа балчир үрийнхээ хуруу,  нуруу зэргийг  заазуурдаж, гартаа чулуу атган толгой руу нь цохиж, хамрыг нь муруйлгасан балмад аавыг монголчууд жигшиж байсан нь саяхан. Хүүд түргэн тусламж үзүүлэхээр очсон эмч “Хүүд яаралтай тусламж үзүүлж боолт хийж цус тогтоож байхдаа миний хоолой зангираад ерөөсөө болдоггүй. Хүүгээс яаж байна миний хүү өвдөж байна уу гэхэд тийм хүнд шархтай, гэмтэлтэй хэрнээ ДАЖГҮЙ ЭЭ БИ ТОМ БОЛООД БӨХ БОЛНО гэж хариулаад намайг уйлуулах дөхсөн” гэж бичсэн байсныг нь санаж байна. Хүүхдээ заазуурдан танхайрсан этгээдийг хэрэг гарсан өдөр нь саатуулсан ч уг хэрэгт аавыг нь хорих шаардлагагүй гэснээр сулласан нь хоёр настай охиныг бас л балмад этгээдийн гарын шүүс болгосон юм. Архичин аавынхаа гарын шүүс болсон хөөрхий хүүхдүүдэд сайхан сэтгэлтэй хүмүүс хандив цуглуулж тусласан хэдий ч тэдний сэтгэлийн болон бие махбодийн шархыг юу ч нөхөж чадахгүй нь маргашгүй үнэн. 

Уржигдар Сүхбаатар дүүрэгт ээжийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь хоёр  настай охин, найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боомилон  тамласан хэрцгий хэрэг гарсан. Эрүүл хүний ой тойнд багтамгүй энэ мэт гаж үйлдлүүд гаарсаар байгаа нь харамсалтай. Бидний нүднээс далд өөр хэдэн ч хүүхэд согтуу аав, ээжийнхээ гарын шүүс болон аймшигт хэргийн золиос болж буйг хэлэхэд бэрх байна. Уйлахаас өөр чадалгүй хүүхдэд эр бараа гаргагчийг цааш нэмэгдүүлэхгүйн тулд өнөөдрөөс тэмцэж эхлэх учиртай биш гэж үү. Бидний нүднээс далд хэдэн хүүхэд доголон нулимстай, хоол, ундгүй, хэн нэгэн балмад этгээдийн дарамтад зодуур тэвчин амьдарч буйг хэн ч хэлж эс чадна. Монголчуудын олонх нь эдгээр аймшигт хэргийг жигшин зэвүүцдэг. Гэсэн ч ийм балмад хэрэг үйлддэг, ирээдүй рүү их буугаар буудаж буй тэр хүмүүст чухам ямар шийтгэл ногдуулдаг нь анхаарлаас хол байсаар ирсэн. Хүчирхийлэл газар авч, хүүхдийн эрх хөл дор гишгэгдсэн энэ цагт иргэнээ хамгаалах, хүүхдээ хамгаалах хууль эрх зүйн орчин ус, агаар мэт үгүйлэгдсээр байгаа нь улам бүр нотлогдсоор. Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлдэг гэх гашуун үнэн бодит амьдрал дээр хэрэгжээд эхлэхийг хэн байг гэх вэ. Хэрэгтний толгойг илж, хохирогчийг хүчгүй, сул дорой, үг хэлж чадахгүйгээр нь далимдуулж ял завшуулдаг дэндүү гэмээр гаж тогтолцоонд цэг тавих цаг хэдийнэ болжээ. Балмад этгээдүүдийн гараас балчир үрсээ аврах нь энэ эх орны, монгол хүн бүрийн “чин сэтгэл” байгаасай.   

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Балмад этгээдүүдийн гараас балчир үрсээ аваръя   
Үзсэн: 4945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-28 15:43
иймэрхүү юмнуудад төр төмөр нүүрнн харуулах хэрэгтэй
49.0.129.xxx [49.0.129.xxx] 2014-03-27 20:00
iimerhuu muusai uemnuudiig shorond zaaval hori
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-03-27 16:27
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭНХРИЙ ҮРСИЙН МААНЬ ЭНХЭР БИЕД ЗЭРЛЭГЭЭР ХАЛДСАН, ТҮҮНИЙ ДОТОР ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ МААНЬ ХҮЧИРХИЙЛСЭН МУНАГ ТАЧААЛТ, ЭРИЙН ШААРУУДЫГ ӨЧИГГҮЙ ЦААЗЛАХ НЬ ЗҮЙТЭЙ.
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-03-27 15:32
Үнэхээр нүдээ олсон нийтлэл байна. Иймэрхүү хүний оронцог хэрцгий хүмүстэй адилхан аргаар хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр аав гэх араатнийх нь шүдийг нэг нэгээр нь сугалж тамлавал таарна.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-26 22:06
iimerhuu ulsiig zasarna geed horij tejeeh yamarcn shaardlaggui shuudee
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2014-03-26 14:53
ҮНЭН ШҮҮ МУНДАГ БИЧЖЭЭ
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-26 14:46
солиотой новшийг сэтгэцийн эмнэлэг эсвэл шоронд тусгаарлавал таарна,өмгөөлөгч энэ тэр гэж яах юм
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-26 14:16
uneheer zuv sedev hundjee. amjilt husie. Ug ni unen uzeg ni ulam hurts bh boltugai

Бидэнтэй нэгдээрэй