АНУ-ын сансар судлалын агентлаг болох НАСА-гийн хөөргөсөн “Вояжер 2” сансрын хөлгийн судалгааны зарим төхөөрөмжийг унтраасан байна. Тус сансрын хөлгийн цахилгааныг хэмнэх зорилгоор ийм арга хэмжээг авчээ. Вояжер 2 хөлгийг анхандаа 5 жилийн хугацаанд ашиглах төлөвлөгөөтэй байсан бол энэхүү судалгааны аппарат 42 жилийн турш амжилттай ажилласаар байна.
Өнгөрсөн 1-р сарын 25-нд Вояжер 2 сансрын хөлгийн үйл ажиллагаанд саатал гарах нөхцөл байдал үүссэн байна. НАСА агентлагийн мэдээлснээр соронзон хэмжүүрийн төхөөрөмжөө шинэ байрлалд тохируулахын тулд тус сансрын хөлөг ээлжит маневрийг хийж, 360 хэм эргэх ёстой байж. Гэхдээ тус сансрын хөлөг энэхүү маневрыг хийж дуусах төлөвлөгөөт хугацаанаас хоцорч, өөр 2 ч систем давхар ажиллаж хэт их цахилгааныг хэрэглэж эхэлсэн байна.
Мөн цахилгааны хэрэглээ өндөр байгааг анхааруулах хамгаалалтын програм давхар ажиллах болжээ. Ийнхүү сансрын аппарат бүх эрчим хүчээ шавхах аюул нүүрлээд байсан учраас НАСА- гийн инженерүүд Вояжер 2-ийн судалгааны 5 төхөөрөмжийг унтраах арга хэмжээг авчээ. Үүний дараа их хэмжээний цахилгааныг хэрэглэж байсан системийг унтрааж чадсанаар, Вояжер 2 энэ сарын 5-нд эргэн хэвийн байдалд шилжиж, мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Вояжер 2 сансрын хөлгийн үйл ажиллагааг хэвийн хадгалахад цахилгаан зарцуулалтыг зохистой түвшинд байлгах нь маш чухал юм.
Задгай сансарт 40 гаруй жилийн турш аялж байгаа "Вояжер 2"-ийн цахилгаан үүсгүүрүүд эрс муудсан байна. Анх хөөргөж байсан үеийнхтэй нь харьцуулахад цахилгаан үүсгүүрүүд 40 хувиар бага цахилгааныг гаргадаг болжээ. 1977 онд хөөргөсөн Вояжер 2 хөлөг одоогоор дэлхийгээс 11 тэрбум милийн зайд байгаа юм. Энэхүү сансрын аппарат нарны аймгаас хальж, одод хоорондын зайд хүрээд байгаа ч одоог хүртэл төвтэйгээ холбоотой байгаа. Тус төхөөрөмжийн мэдээлэл дэлхий дээр ирэхэд 16 цагийг зарцуулдаг байна.
| “Вояжер 2” дахин хэвийн ажиллаж эхэллээ | ||
| Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.