Шууд Chart

Ираны хиймэл дагуул Генерал Касем Сулейманийн зургийг сансраас илгээнэ

2020-02-10 16:15:02

Иран улс Зафар гэж нэрлэсэн хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэж байгаа талаар тус улсын Мэдээлэл, Харилцаа, Холбооны Технологийн сайд Жавад Азари Жахроми хэлсэн байна. Зафар нь Перс хэлээр ялалт гэсэн утгатай юм. Энэхүү хиймэл дагуулын дэлхий рүү илгээх анхны зураг нь өнгөрсөн сард Америкийн халдлагад өртөж амиа алдсан генерал Касим Сулейманийн зураг байх юм. Касим Сулейманийг АНУ-ын зүгээс террорист гэж буруутгаж ирсэн бол Ираны ард түмний дунд тэрээр баатар  байсан төдийгүй улсынхаа хоёр дахь нөлөө бүхий удирдагч гэгддэг байсан юм. 113 килограммын жинтэй хиймэл дагуулыг Симоргх нэртэй пуужингаар задгай сансарт гаргана.

Тус хиймэл дагуул нь дэлхийн агаар мандлаас  дээш 530 км-ын өндөрт байрлах юм. Иран улс дээрх хиймэл дагуул ирсэн зураг,  мэдээллийг газар хөдлөлт болон бусад байгалийн гамшигт үзэгдлийг судлах, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд мөн ашиглахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил Иран улс хоёр ч удаа хиймэл дагуул хөөргөх гэж оролдоод бүтэлгүйтсэн юм.

Харин АНУ-ын зүгээс Иран улс дэлхийн тойрог замд хүрэх чадалтай холын зайн пуужинг бүтээсээр байгаа явдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Учир нь дээрх пуужинд цөмийн цэнэгт хошууг мөн тээвэрлэх боломжтой гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Вашингтоны зүгээс Тегеран хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөрөө улам хөгжүүлж байна гэж хардаж байна. Хоёр улсын харилцаа өнгөрсөн сараас хойш эрс муудаад байгаа. АНУ Ираны генералыг дроноор халдан хөнөөсний дараа Тегеран Америкийн цэргийн бааз уруу пуужин харвасан юм. 

Сонирхуулахад, Иран улс анхны хиймэл дагуулаа 2009 онд хөөргөж байсан бол 2011 онд Расад гэх ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөсөн юм. Харин 2012 онд тус улс дотооддоо үйлдвэрлэсэн гурав дахь хиймэл дагуул болох Навидыг дэлхийн тойрог замд амжилттай оруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны хиймэл дагуул Генерал Касем Сулейманийн зургийг сансраас илгээнэ  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй