Иран улс ням гарагт хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгааг тус улсын албаныхан мэдээлж байсан. Энэхүү хиймэл дагуул дэлхийн тойрог замд орсны дараагаар дэлхий рүү илгээх анхны зураг нь Америкийн халдлагад өртөж амиа алдсан Генерал Касем Сулейманийн зураг байх талаар мэдээлж байсан юм. Харамсалтай нь хиймэл дагуул хөөргөх оролдлого эцсийн мөчид бүтэлгүйтсэн байна.
Иран улс Зафар гэж нэрлэсэн хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэж байгаа талаар тус улсын Мэдээлэл, Харилцаа, Холбооны Технологийн сайд Жавад Азари Жахроми мэдээлсэн юм. Зафар нь Перс хэлээр ялалт гэсэн утгатай юм. 113 килограммын жинтэй хиймэл дагуулыг Симоргх нэртэй пуужингаар задгай сансарт гаргахаар төлөвлөж байсан юм. Харамсалтай нь хиймэл дагуулыг хөөргөх оролдлого дахин бүтэлгүйтсэн байна. Иран улс дээрх хиймэл дагуулаас ирсэн зураг, мэдээллийг газар хөдлөлт болон бусад байгалийн гамшигт үзэгдлийг судлах, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд мөн ашиглахаар төлөвлөж байгаагаа онцолж байсан юм. Өнгөрсөн жил Иран улс хоёр ч удаа хиймэл дагуул хөөргөх гэж оролдоод бүтэлгүйтсэн бол энэ жил ахин хөөргөж чадсангүй.
Сүүлийн жилүүдэд Иран улс бүтэлгүйтээд байгаа ч үүнээс өмнө Тегеран хиймэл дагуул амжилттай хөөргөж байсан юм. Тодруулбал, тус улс анхны хиймэл дагуулаа 2009 онд хөөргөж байсан бол 2011 онд Расад гэх ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөсөн. Харин 2012 онд тус улс дотооддоо үйлдвэрлэсэн гурав дахь хиймэл дагуул болох Навидыг дэлхийн тойрог замд амжилттай оруулсан юм. АНУ-ын зүгээс Иран улс дэлхийн тойрог замд хүрэх чадалтай холын зайн пуужинг бүтээсээр байгаа явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж байгаа. Учир нь дээрх пуужинд цөмийн цэнэгт хошууг мөн тээвэрлэх боломжтой гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Вашингтоны зүгээс Тегеран хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөрөө улам хөгжүүлж байна гэж хардаж байна.
| Ираны хиймэл дагуул хөөргөх оролдлого дахин бүтэлгүйтлээ | ||
| Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.