Шууд Chart

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шат

2020-02-11 10:34:22

Монголын Үндэсний шигшээ баг “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давж цаашлаад хэсэгт хуваарьлагдан хэдийн таван тоглолтыг хийгээд байна.

Эхний тоглолтдоо Мьянмарыг буулган авч, дэлхийн шилдгүүдийн нэг Японы шигшээ багтай хөл зөрүүлсэн гээд 2019 он шигшээ багийн хувьд түүхэн жилүүд болсон билээ. Тэгвэл хэсэгт хуваагдсан багуудад ямар боломж байгаа вэ? Хэн аль байранд бичигдэхэд, хаана очихыг хамтдаа нэг харцгаая.

Катар хүрэх зам буюу хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохын тулд зохион байгуулагч Катарын шигшээ багаас бусад бүх орнууд 2-3 шатыг давах ёстой. Азийн бүсийн хувьд чансаа доогуур буюу Азийн чансааны 35-46-р байранд бичигдсэн 12 баг өөр хоорондоо эзэн, зочин хоёр тоглолтыг хийж нийлбэр дүнгээр шалгарсан зургаан баг дараагийн шатанд томчуудтай нэгдсэн. Энэ хүрээнд манай улсын шигшээ баг Брунейн шигшээ багийг хоёр тоглолтын нийлбэр 3:2-ын харьцаатай буулган авч Азийн шилдэг 40-д багтсан.

Хоёрдугаар шатанд 40 баг нийт найман хэсэгт тав таваар сугалагдан учраа таарсан. Манай шигшээ багийн хувьд Япон, Киргиз, Тажикстан, Мьянмарын шигшээ багуудтай Ф хэсэгт хуваарьлагдсан. Одоогоор энэ хэсгийг Япон дөрвөн тоглолтын дараах байдлаар 12 оноотой тэргүүлж байгаа бол бусад дөрвөн улс таван тоглолтыг хийж Киргиз 2, Тажикстан 3, Мьянмар 4, Монголын шигшээ 5-р байранд бичигдэж байна.

Хэсэг тус бүрийг тэргүүлсэн найман багийн хамт, хамгийн сайн үзүүлэлттэй дөрвөн баг ДАШТ-ий урьдчилсан шатны гурав дахь сунгааны эрхийн хамт 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн цомын тэмцээний шууд эрхийг авна.

Хоёрдугаар шатнаас шалгарсан 12 баг дахин хоёр хэсэгт хуваагдан эзэн, зочин тус бүр хоёр тоглолтыг хийж эцсийн дүндээ хэсгээ тэргүүлсэн хоёр баг буюу нийт дөрвөн баг шууд ДАШТ-д оролцох эрхээ авах бол гуравдугаар байранд бичигдсэн багууд нэмэлт тоглолтыг хийнэ.

Дашрамд дуулгахад нийт найман хэсгийн 40 багаас Гуам, Индонез, Шри-Ланка болон Тайваны шигшээ багууд дараагийн шатанд оролцох боломжгүй болсон бол Непал, Камбож, Афганистан, Энэтхэг, Бангладешийн шигшээ багууд хэсгээ тэргүүлэх боломжгүй болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шат  
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй