Шууд Chart

БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав

2020-02-14 17:30:27

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн Д.Даваасүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Элчин сайд Чай Вэньруйд баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсэв. Түүнчлэн, шинэ төрлийн коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх явдал хүн төрөлхтний нийтлэг асуудал, томоохон сорилт болж байгаа бөгөөд Хятадын ард түмэн энэ бэрхшээлийг бүрэн ялж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн хамт, өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хятадын тал зөвөөр ойлгон хүлээж авахыг хүсэв.

Элчин сайд Чай Вэньруй, Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ үедээ орж, бодит хамтын ажиллагаа өрнөж байгаа энэ үед харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллах болно гээд, БНХАУ-д тархаад буй коронавирусын өвчлөлд Засгийн газар өндөр анхаарал хандуулж богино хугацаанд далайцтай арга хэмжээ авсны дүнд тархалтыг барьж чадлаа. Олон улсын хэмжээнд тархахаас тодорхой хэмжээнд сэргийлж чадсан. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн Монголын сайхан зүйр үг байдаг. Монгол Улсын төр, засгийн удирдлагын зүгээс захидал илгээж, Монголын ард түмэн чин сэтгэлийн хандив тусламж өгч байгаад Хятадын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хятад, Монголын хилийг бүрэн хаах тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хятадын тал ойлгон хүлээж авч байна. Нөхцөл байдал наашлан хэвийн болох үед монголын тал энэ шийдвэрээ цуцалж, хоёр талын хил, боомтын үйл ажиллагаа, иргэд болон тээврийн хэрэгслийн харилцан зорчих явдлыг сэргээнэ гэж ойлгож байна. Энэ дашрамд Цагаан сарын баяраа тайван амгалан, эрүүл саруул угтан өнгөрүүлэхийг Монголын ард түмэнд хүсэн ерөөе гэжээ.


БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй