
Монгол Улсын гавьяат тамирчин Должингийн Дэмбэрэл хэмээх эмэгтэй байт харвааны ДАШТ-ээс 49 жилийн тэртээ алтан медаль хүртэж байсан билээ.
Будант Альбионд эх орныхоо нэрийг дуурсгасан төдийгүй Монгол Улс дэлхийн анхны аваргаа тосон авсан түүхийн эхлэл энэ.
Төв аймгийн Баянбараат суманд мал хариулж явсан охин 1957 онд Улаанбаатарт ирж гуталчин болжээ. Өнөө цагийн тамирчид шиг үнэтэй машин хөлөглөж, орон сууцанд амьдарч үзээгүй тэрээр гутлын артелийнхаа тэргүүний ажилчдын нэг байж ажил төрөл, бэлтгэл сургуулилтаа хослуулдаг байсан гэдэг.
1969 оны дэлхийн аваргад анх удаа оролцсон тэрээр 1971 онд Англид хоёр дахиа хүч үзэв. Багаараа эхний зургаад орох зорилго өвөртлөн буурал Европыг зорихдоо тэрээр түрүүлнэ гэж санаагүй явсан биз.
Хувийн харваанд 30 м-т сүүлчийн гурван сум тавихын өмнөх байдлаар АНУ-ын харваач, Д.Дэмбэрэл нар энэ тэнцүү оноогоор өрсөлдөгчөө тэргүүлж эхэлснийг багш нь мэдчихээд шавиасаа нууцалсан гэдэг.
АНУ-ын тамирчин эхний сумаа 10 оноход Д.Дэмбэрэл мөн л 10 дээр тусах нь тэр. Хоёр бүсгүй хоёр дахь харваанд адилхан есийг онилж санасандаа хүрэв. Ингээд АНУ-ын тамирчны гурав дахь сум дахин ес дээр онож орхижээ.
Харин манай улсын тамирчин цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад харваж 10 дээр оносноор Монголчуудын дундаас байт харвааны төрлөөр анхны дэлхийн аварга төрсөн түүхтэй.
Аваргын алтан медалиа тэрээр зургаан фунт стерлингийн хураамжнаас шалтгаалан хоёр сарын дараа авч байсан гэдэг.
Учир нь ДАШТ өндөрлөсний дараах орой шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй байж. Зургаан фунт стерлингийн хураамж төлөн оролцох ёслолын ажиллагаанд хариуцаж явсан төлөөлөгч нь “Төсөв алга” хэмээснээр Монголын тамирчид шуудхан л хурдан галт тэргэнд суугаад эх орноо зорьжээ.
Галт тэрэгний буудал дээр ЗХУ-ын тамирчид таарчихаад “Та нар яагаад цайллагад оролцоогүй юм. Алтан медалиа голоод байгаа юм уу” гэж байсан удаатай гэдэг.
Ингээд дэлхийн аварга өндөрлөөд хоёр сарын дараа илгээмжээр алтан медаль нь ирж байсан түүхтэй юм билээ.
Байт харвааны төрлөөр Монголоос анхны дэлхийн аварга болсон Д.Дэмбэрэл гэж хэн бэ | ||
Үзсэн: 7878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.