Шууд Chart

Ираны парламентын 23 гишүүн “COVID -19” вирусний халдварыг авчээ

2020-03-04 15:14:55

Дэлхийн зарим орнуудад шинэ коронавирусний тархалт хурдацтай нэмэгдсээр байна. Өмнөд Солонгос улсад нийт халдвар авсан хүний тоо 5328 болсноос гадна 32 хүн амиа алдаад байна. Энэ хооронд Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусний халдварын тохиолдол 50 хувиар нэмэгдлээ. Үүнээс гадна Иран улсад нөхцөл байдал улам хүндэрч байгаа юм. Тус улсад шинэ коронавирусийн халдварын тоо нэг өдрийн дотор 800 гаруй нэмэгдээд байна. Үүнээс гадна тус улсын парламентын 20 гаруй гишүүн COVID-19 вирусний халдварыг авчээ. Энэ хооронд тус улсын дээд удирдагч Аятолла Аль Хаменей иргэдийг гараа тогтмол угаахыг уриалж байна.  

Мягмар гарагт буюу өчигдөр Иран улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол 835-аар нэмэгдсэнээс гадна 11 өвчтөн амиа алдсан байна. Ингэснээр тус улс нийтдээ 2300 гаруй хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрч,  нийт амь эрсэдсэн хүний тоо 77 болоод байгаа юм. Үүнээс гадна Ираны парламентын гишүүд  болон эрүүл мэндийн салбарын ажилчид шинэ коронавирусний халдварт мөн өртөөд байна. Тус улсын Эмнэлгийн Яаралтай Тусламжийн үйлчилгээний дарга Пирхоссейн Коливандын бие тавгүйрхэж, шинжилгээ өгөхөд тэрээр коронавирусний халдвар авсан болох нь мягмар гарагт тогтоогджээ. Одоогоор Коливандын биеийн байдал сайн байгаа гэдгийг Ираны хэвлэл дамжуулжээ. Үүнээс  гадна Ираны улс парламентын 23 гишүүн шинэ коронавирусний халдвар авсан  болохын  тус улсын парламентын дэд дарга Абдолреза Месри мэдээлсэн байна. Парламентын нийт 290 гишүүнтэй бөгөөд нийт парламентын гишүүдийн 8 хувь халдварт өртөөд байна гэсэн үг юм.

Одоогийн байдлаар Иран улс шинэ коронвирусээс үүдэлтэй эндэгдлийн тоогоор  Хятад, Итали улсын дараагаар дэлхийд гуравт орж байна.  Үүнээс гадна Ираны засгийн газраас 54 000 хоригдлыг түр хугацаагаар шоронгоос суллахаар болоод байгааг зарлаж байна. Энэ нь олон мянган хоригдол бүхий хорин ангиудад шинэ коронавирус тархахаас болгоомжилж байгаа явдал юм. Таваас цөөн жилээр хоригдох ял сонссон хоригдлуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсны дараагаар суллах юм. Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменей мягмар гарагт олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн юм.  Энэ үеэр тэрээр иргэдийг гар болон нүүрээ тогтмол угааж, вирусний халдвараас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг уриалжээ.

Мөн Хаменей Ираны батлан хамгаалах яамыг оролцуулаад  бүх салбар, нэгжийг  Эрүүл Мэндийн Яамтай хамтран ажиллаж, аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцэх ёстой гэдгийг хэлсэн байна. Нийслэл Тегеран болон ойролцоох бүс нутгийн оршин суугчдаас шинэ коронавирусний халдвар мөн илэрч байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны парламентын 23 гишүүн “COVID -19” вирусний халдварыг авчээ  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй