Шууд Chart

Устай холбоотой гамшиг, эрсдэлийг бууруулахад өгөгдөлд суурилсан шийдлийг хэрэгжүүлнэ

2026-08-26 10:54:28

COP17 бага хурлын хүрээнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар буюу UNDRR болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Устай холбоотой гамшиг, эрсдэлийг удирдах нь: тэсвэртэй ирээдүйн төлөө” сэдвээр өндөр түвшний уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ыг албан ёсоор нээлээ.

Энэхүү санаачилга нь байгальд суурилсан шийдэл, нотолгоо, өгөгдөлд суурилсан, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, газрын онцлогт нийцсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж, хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг ашиглах юм.

Мөн хэлэлцүүлэгт UNDRR, Дэлхийн цаг уурын байгууллага (WMO), Европын Комисс, Египет Улс, Африкийн холбооны комисс болон бусад олон улсын байгууллага, улс орнуудын төлөөлөл оролцож, ус, газрын нөөцийн нэгдсэн менежмент, ган болон үерийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн мэдээллийг бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэрт ашиглахад улс орнуудын туршлагыг хуваалцлаа.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, экосистемийн доройтлын нөлөөгөөр ган, үер зэрэг устай холбоотой гамшиг улам ойр ойрхон, хүчтэй болж, иргэдийн амьжиргаа, экосистем, дэд бүтэц, эдийн засагт харилцан уялдаатай, дам нөлөө үзүүлсээр байна. Тиймээс уг хэлэлцүүлгээр гамшгийн хохирол, эрсдэлийн мэдээлэлд тулгуурлан ган, үер болон хавсарсан эрсдэлийг илүү зөв үнэлэх, ирээдүйн эрсдэлийг урьдчилан тооцох, тэсвэртэй байдлын үзүүлэлтүүдийг ашиглах, эрт сэрэмжлүүлэх болон эрт арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Устай холбоотой гамшиг, эрсдэлийг бууруулахад өгөгдөлд суурилсан шийдлийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 45 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй