Шууд Chart

888 төслийн зээлийн эрсдлийн үнэлгээг арилжааны банкууд тогтооно

2014-03-28 13:11:25

Шинэчлэлийн Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэг их наяд төгрөг зарцуулахаа мэдэгдээд байгаа.

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 1151 төсөл сонгон шалгаруулалтад оролцсоноос 888 төслийг тэнцүүлсэн юм.
 
Уг төслүүдэд дөрвөн их наяд гаруй төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд Хөгжлийн банкнаас нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжилтэд нийцүүлэн төслүүдийг дэмжих үүднээс арилжааны банкуудын зээлийн эрсдлийг үнэлэх шалгуурт үндэслэн санхүүжүүлэхээр болсон.
 
Тэгвэл төслүүдийг ямар зарчмаар, хэрхэн шалгаруулах талаар өнөөдөр Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
 
Арилжааны банкуудын зээлийн эрсдлийн үнэлгээг давж чадсан аж ахуйн нэгжүүдэд таван жилийн хугацаатай, жилийн есөн хувийн хүүтэй олгохоос гадна, эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж.
 
Өөрөөр хэлбэл, төслийн сонгон шалгаруулалтад Хөгжлийн банк болон төр оролцохгүй арилжааны банкуудын дотоод шалгуурт даатган өгснөөр зах зээлийн шударга өрсөлдөөнөөр шүүгдэнэ гэж холбогдох албаныхан үзсэн байна.
 
Төслүүд арилжааны банкны шалгуурыг даасан нөхцөлд хөгжлийн банк санхүүжилтийг шууд олгох бөгөөд хэрэгжих бүрэн боломжтой хэдий ч төсөл санаачлагчийн зээлийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байх тохиолдолд төрийн зүгээс зээлийн батлан даалтын сангийн механизмыг ашиглах боломжийг олгож байгаа аж.
 
Одоогоор 888 төслөөс хичнээн нь хэдийд  шалгарах нь тодорхойгүй байгаа  ч төсөл санаачлагчаас ихээхэн хамааралтай юм. Учир нь төсөл санаачлагч өөрийн харилцдаг арилжааны банкинд хандан, төслийнхөө үнэлгээг тогтоолгосноор санхүүжилт авах эсэх нь тодорхой болох юм.
 
Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг  “Чингис” бондоос хуваарилагдаагүй үлдсэн 360 тэрбум, “Самурай”  бондоос 450 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрт зарцуулахаа мэдэгдсэн.
 
Мөн өнгөрсөн жил “Чингис” бондын хөрөнгөөс 270 тэрбум төгрөгийг сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна гэдгээ мэдэгдснээс 50 тэрбум төгрөгийг зээлийн хүрээнд гаргасан билээ.
 
Уг мөнгөний үлдэгдэл болох 220 тэрбум төгрөгийг нэг их наяд руу шилжүүлэн тооцсон байна.
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

888 төслийн зээлийн эрсдлийн үнэлгээг арилжааны банкууд тогтооно   
Үзсэн: 3424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-03-30 22:04
zeeliin tosold ogoh heregtei ter tosoliin daguu hunii amidaral saijarana shuu dee
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-03-28 15:33
Бизнес эрхлэгчдийг баахан хошгоруулж шалгарууллаа гэчихээд одоо арилжааны банкны саварт өгөөд хасах юм байналдаа. Арилжааны банкны шалгуурыг хэн давах юм бээ

Бидэнтэй нэгдээрэй