Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-03-29 07:09:38

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. Өнгөрсөн долоо хоногийг монголчууд сайхан мэдээгээр угтав. Фэйсбүүк, твиттер гээд цахим ертөнц тэр чигтээ омогшил, бахархал дагуулсан сэтгэгдлээр дүүрэн байсан. Учир нь Японы мэргэжлийн сумогийн Харү башё өнгөрөгч ням гарагт өндөрлөж, озэки Какүрюү С.Ананд Екозүна цол авах болзлыг хангасан юм. Тэрээр Харү башёгийн гурав дахь өдрийн барилдаанд Окүноүмид өвдөг шороодсон ч  түүнээс хойш тасралтгүй 14 давсан амжилтаар мэргэжлийн сумод 71 дэх, Монголоос төрсөн дөрөв дэх их аварга боллоо.  

Долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн чуулган” байв. Засгийн газрын ивээл дор тав дахь жилдээ болсон тус чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг илтгэл тавьсан юм. Тэрээр “2013 онд дэлхийн эдийн засгийн байдал, гадаад зах зээл төдийлөн сайнгүй байсан. Ялангуяа, Монгол Улсын эдийн засагт, экспортод голлох байр суурь эзэлдэг түүхий эдийн үнэ бидний хүлээж байсан шиг тааламжтай байж өсөлт ажиглагдсангүй. Эдийн засгийн бөгөөд хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин тийм ч тааламжтай биш байсан ч Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.3 хувь байж, сүүлийн гурван жил дараалан хоёр оронтой тоогоор өслөө. Экспортын түүхий эдийн үнийн бууралт, гадаад шууд хөрөнгө оруулалтын түр зуурын зогсонги байдлаас шалтгаалж төгрөгийн ханш 20 орчим хувиар унасан” гэдгийг илтгэлдээ дурдсан.

Мөн Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн бүтцээ засъя, үйлдвэрлэдэг бүтээдэг улс болъё гэсэн санаачилга дэвшүүлж, 2014 оныг "Монголдоо бүтээх жил" болгож байна. Засгийн газар бүтээгч бизнес эрхлэгчдэд учирч буй хориг саад, хүнд суртлыг арилгах бодлого тууштай барина. Тэр бүхний үр дүн бодитой хэрэгжиж байж бид хэрэглэгч улсаас бүтээгч улс болж чадна. Эдийн засаг таагүй байгаа энэ л үед бид асуудал асуудлынхаа угийг олж харж, учгийг тайлж хэлэлцэх хэрэгтэй байна. Хэрэв бид жинхнээсээ өнөөдөр л бүтээж сурахгүй бол мөнхөд циркийн амьтан, торны шувуу шиг үлдэх болно. Торноос гарах цорын ганц гарц бол бүтээх гэдгийн онцлосон юм. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганаар Монголын эдийн засагчид 30 сэдвийн хүрээнд ярилцаж, салбар хуралдаануудыг хийсэн билээ.

Өнгөрөгч долоо хоногт Налайх дүүргийн тавдугаар хороонд гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчин илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдов. Тус хорооны иргэн М.Дамдинхүү нийслэлийн Мал эмнэлгийн газарт энэ сарын 18-нд олон тооны гахай үхсэн талаар дуудлага өгчээ. Дуудлагын дагуу холбогдох хүмүүс тус газар очин гахайнаас цусны ийлдэс болон үхсэн гахайнаас цуллаг эрхтний дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн нь дээрх өвчин болох нь нотлогдсон юм. Өчигдрийн байдлаар 300 гаруй гахайг устгасан мэдээ байна. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлээс яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Уг асуудлыг шийдвэрлэж нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” захирамж гаргаад байна. Өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 30 538 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр боллоо.

“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгэж, гуравдугаар сарын 24-ний өдрийн 18 цагт өндөрлөсөн. Хүсэлт гаргасан иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монголбанк хамтран цахим хэлбэрээр хянан баталгаажуулах ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын 36-р тогтоолоор батласан журмын шаардлага хангаж буй эсэхийг нягтлан шалгах ажиллагааг дууссаны дараа сугалаанд оролцох эрх бүхий захиалагчдын нэрсийг www.Tosk.gov.mn цахим хуудсаар олон нийтэд ил тод зарлах ажээ. Журмын шаардлага хангасан, захиалгын хүсэлт гаргагчдын тоо нь тухайн төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд хуваарилах орон сууцны тооноос илүү гарсан бол сугалаа явуулж, орон сууц худалдан авах гэрээ байгуулах эрх хожигчийг тодруулах юм байна.

Төрсөн эцэг нь хоёр настай охин, найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боомилон тамласан хэрцгий хэрэг Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн долоо хоногт гарсан. Төрийн бус байгууллагууд санаачлан ээж болон хүүхдүүдэд туслах хандивын данс нээж, сайхан сэтгэлтэй монголчууд тус дансанд мөнгө хуримтлуулсаар байна.

Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц өөрийн ангийн хүүхдүүдийг цохиж, зодсон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн билээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар багш Ц-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгийн үед хэрхэх тухай сургалт зохион байгуулж, дуут дохио ажиллууллаа. Энэ үеэр төр захиргааны ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гадаа гарч газар хөдлөлтийн үед биеэ хэрхэн хамгаалах талаар дадлага хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нуруундаа хөнгөн мэс засал хийлгэхээр Япон улсыг зорилоо. Ерөнхийлөгчийн орох мэс засал гадаад улсад хийгдэх мэс заслын тоонд багтдаг ажээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай Зайсангийн ам руу өгсөхөд авто машинаас хураамж авдгийг болиулсан нь олон хүний талархлыг хүлээсэн шийдвэр байв. 2014 оны анхны бороо өнгөрөгч долоо хоногт орлоо. Урь унаж, цаг агаар тогтуун байгаа ч Онцгой байдлын ерөнхий газраас мөс цөмрөх болон шар усны үерээс  болгоомжлохыг иргэддээ анхааруулсаар байна.  

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй