Монгол Улсад коронавируст халдварын анхны батлагдсан тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул Улсын Онцгой комиссоос зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс өнөөдөр 08.45 цагт хуралдаж, коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Архангай аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл аймаг, сум, багаас гарах, орох, хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргалаа.
Энэ хугацаанд яаралтай түргэн тусламжийн болон түлшний, хүнсний машинуудыг ариутгал халдваргүйтгэлийг чанарын өндөр түвшинд хийж явуулах юм.
Хурлын үеэр онцгой комиссын бүх гишүүд, ард иргэд бүгдээрээ хариуцлагатай, өндөр соргог сэрэмжтэй байх, халдвар хамгааллын дүрмийг чандлан сахих, амны хаалтыг байнга зүүх зэрэг чиглэлүүдийг өглөө.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нийт 23.8 сая төгрөгийн мөнгөн хандив, 2500 ширхэг амны хаалт, мөн багаж хэрэгсэл, хоол хүнсий зүйл, халдваргүйтгэлийн бодис зэрэг цуглажээ.
Энэ хандивыг УОК-оос гаргах хандивыг зарцуулах журмын дагуу аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зарцуулах ажээ.
| Архангай аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо | ||
| Үзсэн: 1609 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз