
АНУ-ын тулаанч бүсгүй Ронда Роузиг дэлхий дахины спорт сонирхогчид харсаар байна. Иймд түүний талаар товч өгүүлье.
Түүний бүтэн нэрийг Ронда Жин Роузи гэдэг. 1987 оны хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Калифорни мужийн Санта-Моникад мэндэлсэн. Тулалдахаас гадна олон кинонд дүр бүтээсэн билээ. Тулааных нь гол мэх өчих.
Үүнээс гадна 2008 оны Бээжингийн олимпод жүдо бөхөөр оролцож, хүрэл медаль хүртсэнээр олимпын наадмаас бөхийн энэ төрлөөр медаль хүртсэн анхны Америк эмэгтэй болжээ.
Тэрбээр багадаа аавынхаа шаардсанаар усан спортоор хичээллэжээ. Гэвч түүнийг найман настайд эцэг нь амиа хорлосны дараа усан спортыг орхиж, 11 настайдаа жүдо бөхөөр хичээллэсэн байна.
Роузиг 17 настайд нь 2004 оны олимпын наадамд оролцох АНУ-ын жүдо бөхийн шигшээ багт багтаасан байна. Ингэснээр тухайн олимпын жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн хамгийн залуу тамирчнаар нэрлэгдэж байж. Гэлээ ч олимпын наадамд ердөө эхний учраадаа ялагдсанаар бүтэн сарын турш олимпын хотхонд зүгээр байрлаж, зугаалж, өөрийгөө илүүтэй таньж авсанаа хожим дурссан байдаг.
2004 онд Роузи Будапештэд болсон жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-д түрүүлжээ.
Харин 2007 онд -70 кг-ын жинд өгсөж барилдав. Тухайн үед жиндээ дэлхийн шилдэг гурвын нэгд тооцогдож байлаа. Рио-де-Жанейрод болсон жүдо бөхийн ДАШТ-ий финалд шалгарч, Францын Жевриз Эманд ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн тэр ондоо Пан Америкийн наадамд түрүүлжээ.
Ийнхүү Бээжингийн олимпын наадмын дараа Роузи жүдо бөхийг орхиж, мэргэжлийн тулаанч боллоо. ММА-ийн эхний долоон тулаанд ялалт байгуулахдаа тэр нийтдээ ердөө дөрвөн минут зарцуулсан байдаг.
UFC-гийн рингэнд эхний 11 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй. Эхний өрсөлдөгч Бразилийн Эдиан Гомесийг 25 секундэд ялсан. Үүнийхээ дараа Мишель Твитийг 49 секунд, Сара ДиАлилиог 25 секунд, Юлия Баддыг 39 секунд, Миша Тэйтийг дөрвөн минут 27 секунд, Сара Кауфманыг 54 секунд, Лиз Кармушийг дөрвөн минут 49 секунд, Миша Тейттэй дахин тулахдаа 58 секундэд, Сара Макмэннийг нэг минут зургаан секундэд ялаад сүүлийн хоёр тулаандаа Алексис Дэвисийг 16 секунд, Кэт Зинганог 14 секундэд тус тус ялсан байдаг.
Хувийн амьдрал
Ронда Роузи 61 кг жинтэй, 170 см өндөр. Одоогоор хүүхэдгүй ч UFC-ийн хүнд жингийн тулаанч Трэвис Бровнтой үерхэж байгаа. Амиа хорлосон эцгийнх нь шалтгаан хүнд өвчнөө даван туулж чадахгүйд хүрснийх хэмээн хэвлэлийнхэн бичиж байлаа.
Харин эх Анна Мария Роузи де Марс нь цагтаа АНУ-ын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин явсанаас гадна АНУ-ын жүдоч бүсгүйчүүдээс анхлан дэлхийн аварга болсон алдартай тамирчин юм. 1984 оны Австрийн Вена хотноо болсон ДАШТ-д түрүүлсэн гэдэг. Ронда алдартай өчих мэхээ ээжээсээ сурчээ. Тэгвэл эгч Мария Бернс Ортис нь спортын сэтгүүлч бол ээжийнх нь аав буюу өвөө нь Венесуэл гаралтай.
Өөрөө өчих мэхэнд орж гараа хугалуулж байжээ
Өмнө дурьдсанчлан Ронда Роузи 11 тулааныхаа есд нь өчих мэхээр ялалт байгуулсан. Тэгвэл жүдо бөхөөр хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож байхдаа нэг удаа өөрөө өчүүлж, хэдийгээр маш хүчтэй өвдөж байсан ч гэсэн бууж өгөхгүй байсаар гараа хугалуулсан гэдэг.
Ким Кардашьяныг үзэн яддаг
Ронда Роузи амаа хамхиад явах дургүй. Дургүй нэгэнд хэлье гэснээ шулуухан л хэлчихдэг. Нэг удаа тэр Ким Кардашьяны талаар хэвлэлд “Би түүний бөгсийг дуртайяа зад өшиглөнө. Учир нь тэр хэн нэгэнтэй “унтаж” буй бичлэгээ олон нийтийн сүлжээгээр тараагаад л хямдхан янхан шиг зангаараа од болчихсон амьтан шүү дээ” гэж хэлж байжээ.
Тулааны өмнө секс хийх ашигтай
Ронда Роузи олны анхаарлыг гойд их татаж буй шалтгаан нь богино хугацаанд олон ялалт дараалан байгуулж буйгаас гадна түүний эрчүүдэд таалагддаг шинж чанар юм. Зарим нь түүнийг мэргэжлийн тулааны секс бэлэг тэмдэг гэж хүртэл нэрлээд амжсан. Гэхдээ Ронда Роузи сексийн тухайд хэлэхдээ “Намайг секс бэлэг тэмдэг гээд яриад эхэлмэгц хувийн амьдралд минь секс байхаа бараг больчихсон. Бүр огт секс байгаагүй юм шиг болтлоо байхгүй болсон шүү. Гэхдээ тулааны өмнө секс хийх нь цусан дахь тестостероныг ихэсгэж, ашигтай байдаг” гэж хэлсэн удаатай.
Кинонд "хүч" үзэв
Ронда Роузи бол эдүгээ цагийн UFC-гийн хамгийн алдартай оддын нэг. Тиймээс хэд хэдэн кинонд түүнийг урьж тоглуулсан юм. "Галзуу хурд","The Expendamles III" зэрэг кинонд Вин Дизель, Сильвестр Сталлоне, Арнольд Щварценеггер, Мел Гибсон, Харрисон Форд, Лундгрен нарын хамт тоглоод үзсэн бүсгүй.











Жүдо бөхөөс тулааны спорт руу урвасан бүсгүй | ||
Үзсэн: 3929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.