
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдаанд нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа танилцууллаа.
“Нийслэл Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж, суурьшлын нутаг дэвсгэр нь өргөжин тэлж байгаа тул авто замын сүлжээ төлөвлөлтийг хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Иймд хотын хөгжлийн чиг хандлага, хүн амын өсөлт хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцэж, оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал чиглэл, даац ачааллыг бүрэн хангасан, дэд бүтцийн үндсэн сүлжээтэй уялдсан, байгаль орчинд ээлтэй улс, олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн авто замын 2015.2 км сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Улаанбаатар хотын гудамж замын сүлжээний уртыг одоогийнхоос 534.4 км-ээр нэмэгдүүлж 1313.6 км-д хүргэх урт хугацааны зорилтыг боловсруулсан” гэлээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, мастер төлөвлөгөөнд нэмж тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, зарим тодруулж асуух зүйлээ холбогдох албаны хүмүүсээс асуув.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ажил хийх бүх нөхцөл боломжоор хангаж, цаг хугацаа өгсөөр байтал мастер төлөвлөгөө батлах асуудал төлөвлөсөн хугацаанаасаа нэлээд удааширч байна. Иймд мастер төлөвлөгөөгөө илүү нарийвчлан тооцоо судалгаатай гарган авто замын хөгжлийн бодлоготой уялдуулж, бүх төлөвлөгөөгөө гаргаад дахин оруулж ирэх шаардлагатай” гэдгийг үүрэг болголоо. Мөн “Дөрөвдүгээр сарын 1 гэхэд замын тэмдэг, тэмдэглэгээг бүгдийг шинэчилсэн байх ёстой. Шаардагдах бүх хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн. Хариуцсан албан тушаалтнууд хариуцлагатай ажилла” гэлээ. Уг асуудлыг дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.
Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг хэлэлцлээ | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.