Шууд Chart

Тажикстан, Японы шигшээ багтай хийх тоглолт хойшлогдлоо

2020-03-17 13:14:34

Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг ОУХБХ FIFA)-аас гаргасан хуваарийн дагуу энэ сарын 26-нд Тажикстан Улсын эсрэг тоглох байсан. Мөн тус тоглолтоос тав хоногийн дараа дэлхийн шилдэг багуудын нэг Японы шигшээ баг манай улсад зочлон тоглох байлаа. Мөн эдгээр тоглолттой холбоотойгоор манай улсын үндэсний шигшээ баг энэ сарын 6-22-нд Катар Улсад бэлтгэл хийх байсан ч Монгол Улсын онцгой комиссын халдвар илэрсэн орнуудад зорчихгүй байх зөвлөмжийг чиглэл болгож захиалгат нислэгээ цуцалж Катар Улсад хийх бэлтгэлийг хойшлуулжээ.

МХБХ-той нягт хамтран ажилладаг Катарын хөлбөмбөгийн холбоо ч нөхцөл байдлыг ойлгож товлосон бэлтгэлийг ирэх саруудын хэдийд ч тус улсад хийх боломжтой гэдгийг мэдэгдсэн байна.

Тиймээс дэлхий нийтийг цочроосон коронавирусний халдвар хурдтай газар авч байгаа энэ үед тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, аюултай нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор Монголын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоонд хүсэлт гаргасан аж.

Азийн хөлбөмбөгийн холбоонд харьяалалтай хэд хэдэн холбоо ч манай улстай адил яаралтай хуралдаж энэ сард явагдах шигшээ багийн болон клубын хэмжээний тоглолтыг хойшлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Эдгээр хүсэлтийн дагуу Азийн хөлбөмбөгийн холбоо ОУХБХ-нд хандаж, шуурхай хуралдсанаар өнөөдөр албан ёсны шийдвэр гаргажээ.

Тус шийдвэрийн дагуу энэ сард явагдах хуваарьтай байсан ч хойшлуулах хүсэлт гаргасан холбоодын саналыг ОУХБХ болон АХБХ дэмжсэн бөгөөд хэзээ явагдах вэ гэдгийг ОУХБХ болон АХБХ-ноос ирэх өдрүүдэд хуралдан шийдвэрлэх гэнэ.

Харин тоглолтоо хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн холбоонууд ОУХБХ болон АХБХ-ны зөвшөөрөлтэйгөөр, эрүүл мэндийн бүхий л хэм хэмжээ шаардлагыг хангасан нөхцөлд, хоёр тал зөвшөөрсний үндсэн дээр тоглолтыг явуулах боломжтой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тажикстан, Японы шигшээ багтай хийх тоглолт хойшлогдлоо  
Үзсэн: 1709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй