Азийн үлэг гүрвэлийн холбооны олон улсын анхдугаар симпозиум энэ сарын 21-23-ны өдрүүдэд Япон улсын Фукуй мужийн нийслэлд амжилттай болж өндөрлөлөө. Уг симпозиумд дэлхийн 10 орны 142 эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, Азийн төрөл бүрийн үлэг гүрвэлийн олдвор цуглуулга дээр хийгдсэн судалгааны үр дүнг долоон салбар хуралдаанаар 36 илтгэгчийн илтгэл, 19 ханын илтгэлийг гурван өдрийн турш хэлэлцэв. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Азийн орнуудаас ирсэн үлэг гүрвэл судлаачдаас гадна тус тивийн үлэг гүрвэлийн судалгаанд хамтран оролцдог АНУ, Канад, ХБНГУ, Бельги, Их Британийн эрдэмтэн, судлаачид идэвхитэй оролцон илтгэл хэлэлцүүлсэн байна.
Монгол, Япон, БНХАУ, БНСУ, Тайланд, ОХУ-ын Сибирийн салбарын эрдэмтдийн санал, санаачилгаар Азийн үлэг гүрвэлийн судалгаанд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох, хурал цуглаан зохион байгуулах зорилгоор “Азийн үлэг гүрвэл судлалын холбоо” (Asian Dinosaur Association)-г 2013 оны долоодугаар сарын 10-ны өдөр байгуулсан түүхтэй. Тус холбоонд Ази тивийн эртний шим ертөнцийн судалгаа хийдэг аль ч орны эрдэмтэн судлаачид нэгдэн орох боломжтой бөгөөд уг холбоо нь хоёр жил тутам үлэг гүрвэлийн судалгааны үр дүнгээр олон улсын симпозиум зохион байгуулдаг билээ. Тус холбооны хүндэт ерөнхийлөгчөөр Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Р.Барсболд сонгогдон ажиллаж байна.
Монголын ШУА-ийн Палеонтологийн төвөөс тус симпозиумд уригдан оролцсон академич Р.Барсболд "Again on the Fighting Dinosaurs", доктор Х.Цогтбаатар "On the Study of Primitive Hadrosauroid Dinosaur from Mongolia" сэдвээр тус тус илтгэл тавив.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын дараа Фукуйн үлэг гүрвэлийн музей дээр нийт олонд зориулагдсан танин мэдэхүйн лекцид долоон илтгэл тавигдсаны нэг нь Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Р.Барсболдын "Монголын махан идэшт үлэг гүрвэл-Овирапторид" сэдэвт лекц олны сонирхлыг ихэд татаж байлаа.
Азийн үлэг гүрвэл судлалын холбооны хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, дараагийн Азийн үлэг гүрвэлийн олон улсын симпозиумыг Тайланд улсад 2015 онд хийхээр төлөвлөжээ.
Үлэг гүрвэл судлалын симпозиумд Монгол эрдэмтэд оролцлоо | ||
Үзсэн: 1910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.