Шууд Chart

Онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа

2020-03-26 12:58:04

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдаанаар  “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ, түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын үүрэг гүйцэтгэсэн тухай” танилцуулга мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Онцгой эрхтэй 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх, зохицуулагчдыг мэдээллээр хангах, тухайн ээлжинд ажиллах зохицуулагчийн ажил, үүргийн хуваарь боловсруулах, судалгаа тандалт хийлгэх, газар дээр нь үзэж танилцах цэг салбарыг сонгох зэрэг үндсэн үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан хүлээж, зохион байгуулалтыг хийжээ. Хариуцлагатай зохицуулагч нар нийслэлийн Онцгой комиссын гишүүд болон НЗДТГ, УБЗАА, НОБГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийг сайжруулсан түлшний захиалга, савлагаа, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын өдөр тутмын мэдээ, мэдээллээр хангаж ажилласан байна.

“Хариуцлагатай зохицуулагчдыг ажиллуулснаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 380 орчим цэгийн түлшний мэдээллийг өдөр тутам хянах, нийслэлийн удирдлагыг үнэн бодит мэдээллээр хангах, түлшийг “Сайн карт”-аар борлуулах хувийг дээшлүүлэх, харьяа газар, агентлаг нь шахмал түлш борлуулах цэгийн байршлыг дүүрэг, хороо болон “Тавантолгой” ХХК-тай хамтран оновчтой тодорхойлох зэрэг олон үр дүн гаргаж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулах ажилд онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан бүх шатны ажилтан, албан хаагчид, иргэддээ талархсанаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажилласны үр дүн гарсан гэж үзэж байна. Шат шатны удирдлагууд, ажилтан, албан хаагчдыг хөдөлмөр зүтгэлийг бодитой үнэлэх хэрэгтэй. Гэхдээ цаашид бид өвөлжилтийн бэлтгэл ажлаа одооноос эхлэн сайн хангаж ажиллах шаардлагатай. Дүүргийн удирдлагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ирэх өвөл түлшний борлуулалт, тээвэрлэлт, түгээлтийг дүүрэг дүүрэгтээ сайн зохион байгуулж ажиллахад нь онцгой анхаарах үүргийг өгөх нь зүйтэй” гэлээ.


Онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй