Шууд Chart

Филиппин улсын эмийн зохицуулалтын байгууллага бүс нутагтаа жишиг болж эхэллээ

2014-04-03 09:22:11

 

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Я.Содбаатар болон албаны бусад хүн  Филиппин улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, Эмийн хууль, хүнс эмийн байгууллагын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоотой танилцаж, туршлага судлаж эхэлжээ.
Улсын Их Хурлын гишүүд энэ хүрээнд тус улс чанартай, аюлугүй хямд эмээр хүн амаа хэрхэн хангаж буйтай танилцаж байгаа юм.
Филиппин улсын эмийн зохицуулалтын байгууллага хагас зуун жилийн түүхтэй бөгөөд бүс нутагтаа жишиг болж байгаа ажээ.

Хэдийгээр Монгол Улсад зах зээлийн зохицуулалттай эмийн борлуулалт байгаа боловч бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эм тариагаа авч байгаа нь анхаарал татсан асуудлуудын нэг болоод байгаа билээ.
 
Филиппин, Япон, Хятад, Энэтхэг, Индонез, Солонгос зэрэг оронд эмийн асуудлыг бие даасан, хараат бус эмийн зохицуулалтыг байгууллагын хүрээнд шийдвэрлэдэг төдийгүй зарим нь хүнс эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол нөгөө хэсэг нь эмийн агентлаг байгуулан ажилладаг байна.
 
Эдгээр үйл ажиллагааг явуулахад бие даасан 10-15 хууль үйлчилдэг бөгөөд ингэснээр хүн амаа чанартай, аюулгүй хямд үнэтэй эмээр хангах, шуурхай үйлчилгээ үзүүлэх төрийн үүргээ биелүүлж чаддаг байна.
 
Манай орны хувьд эмийн нэгдсэн зохицуулалтын байгууллага байдаггүй.
 
Харин Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар зэрэг хэд хэдэн байгууллага байгаа ч үйл ажиллагаа нь уялдаа холбоогүй салангид байдгаас эмийн талаар төрөөс баримтлах бодлого төдийлөн үр дүнд хүрдэггүй гэж Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
 
Манай улс эмийн талаар баримтлах төрийн бодлогоо 12 жилийн өмнө батлаж, тодорхойлсон. Тус бодлогод эмчилгээний өндөр идэвхтэй аюулгүй чанарын баталгаатай эм хэрэглэх нөхцөл бүрдүүлэх хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг боломжийн үнэтэй шаардлагатай эмээр тасралтгүй хангах эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ гэсэн байдаг.
 
Тэгвэл өнөөдөр цаг үе өөрчлөгдөж эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг цаг үе, олон улсын жишигтэй уялдуулан өөрчлөх хэрэгтэй байгаа бөгөөд энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүд тус улсад туршлага судлаж байгаа юм.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Филиппин улсын эмийн зохицуулалтын байгууллага бүс нутагтаа жишиг болж эхэллээ  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй