Шууд Chart

Гватемалын эрүүл мэндийн ажилтнууд авлигын хэргээр шалгагдаж байна

2020-04-28 11:09:28

Эх сурвалж: www.aljazeera.com

Гватемал Улсын Эрүүл мэндийн салбарын Техникийн асуудал хариуцсан дэд сайд Родолфо Галдамез болон Эрүүл мэндийн салбарын Захиргааны асуудал хариуцсан дэд сайд Гектор Маррокин нар даваа гарагт ажлаасаа халагдав. 

Коронавируст цар тахлын үеэр эрүүл мэндийн салбарын найман албан тушаалтан төрийн хөрөнгийг луйвардахын тулд хуйвалдаан зохион байгуулсан хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх авлигын эсрэг хорооноос мэдэгдсэн юм.

Тус хорооноос холбогдох баримтыг даваа гарагт Авлигын эсрэг тусгай прокурорын товчоонд хүргүүлсэн байна. Хорооноос мэдэгдсэн дээрх найман албан тушаалтны дунд Галдамез болон Маррокин нар багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Уг асуудалд эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тулд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй болохыг тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Аль Жазира” агентлагт мэдэгдсэн.

Холбогдох этгээдүүдийн талаарх мэдээлэл ил болоогүй байгаа ч тус улсын Ерөнхийлөгчийн авлигын эсрэг хорооны Комиссар Оскар Давила дээрх найман хүний дунд албан тушаалаасаа халагдсан хүмүүс орж байгааг мэдэгдсэн юм.

“Төрийн хөрөнгийн зарцуулалтыг хатуу хянаж байх ёстой энэ цаг үед улсын ашиг сонирхлын эсрэг луйвар хийх зорилгоор хүчээ нэгтгэхийг оролдсон бүтцийг Эрүүл мэндийн яамны дотор илрүүлсэн” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Алехандро Жиамматтай даваа гарагт мэдэгдсэн юм.

Бямба гарагт тус улсын онлайн мэдээний “Plaza Publica” цахим хуудсанд Галдамез нь албан тушаалаа хашиж байх хугацаандаа худалдан авах ажиллагаанаас ашиг хүртэж байсныг илчилсэн юм.


Гватемалын эрүүл мэндийн ажилтнууд авлигын хэргээр шалгагдаж байна  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй