Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны тайланг хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж хүргэдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг цар тахлын онцгой дэглэмийн үед зохион байгуулж байгаа учраас цахим технологи ашиглан явууллаа. 2020 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хүргэв.
АТГ нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан “авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх” чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийн хүрээнд төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэр, цаг үеийн үйл явдалтай холбогдуулан авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлэв. Үүнд:
- Засгийн газар, 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт төсөв, санхүүгийн зарцуулалт, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, төрийн үйлчилгээтэй холбогдох асуудлаар гарсан зөрчил дутагдлыг арилгах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга батыг сайжруулж авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлэв.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д тусгасан хөрөнгө оруулалтын ажлыг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг мөрдөх, ил тод, нээлттэй, өрсөлдөх тэгш боломжийг хангах зарчмыг мөрдөж үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг хүргүүлэв.
- Засгийн газраас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх зорилгоор төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг мөрдөж ажиллах, эрх мэдэл болон мэдээлэлд “ойр” этгээдүүдэд давуу байдал олгох боломжийг гаргуулахгүй байх, хуульд заасан сурталчилгаатай холбогдсон хязгаарлалтыг мөрдөж ажиллах, албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар нэн даруй мэдэгдэж байх үүргийн хэрэгжилтийг хангуулах, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн иргэн, албан хаагчдад аливаа хэлбэрээр шийтгэл оногдуулахаас зайлсхийх, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргах үүргээ биелүүлэх зэргээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зөвлөв.
- Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарт Ковид-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив өгч буй үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах, зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх талаар зөвлөмжийг хүргүүлэв.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ын төслийг хянан үзэж холбогдох зөвлөмжийг хүргүүлжээ.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Зөвлөмж хүргүүллээ | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.