Эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг манай энхийг сахиулагч цэрэг, дайчдын сайхан уламжлалын дагуу өнөөдөр Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай цэргийн хамгаалалтын ротын 10 дугаар ээлж, дэд хурандаа С.Цолмонбаатар захирагчтай Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний бүлгийн наймдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Дэлхийн халуун цэгийг зорих дайчдаа үдэхээр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүн, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл мөн хүрэлцэн ирсэн юм.
Афганистан улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хамгаалалтын ротын есдүгээр ээлжийн цэргийн баг “Эггэрс” баазын аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлэн хүлээлгэн өгч, Баруун бүсийн Херат мужид байрлах АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Шинданд” баазад шилжин байрлаад байгаа юм.
Тэд тус баазын үндсэн шалган нэвтрүүлэх цэг, дотоод шалган нэвтрүүлэх цэг, Агаарын хяналтын цамхаг, Нисэх зурвасын хамгаалалт, баазын доторх машинтай эргүүл, биет хамгаалалтын үүргүүдийг АНУ-ын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчидтай хамтран гүйцэтгэж байна.
Тэдний халааг авахаар Төр, цэргийн баялаг уламжлал, баатарлаг түүхэн замналтай Зэвсэгт хүчний цэргийн багууд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ хангаж ажиллагааны газар орныг ийнхүү зорих гэж байна.
Энхийг сахиулагчид дэлхийн халуун цэг рүү мордоно | ||
Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.