Уганда улсын Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа 4 хүнд тус бүрд нь 15 сая шиллингийн (4 мянга орчим ам. доллар) нөхөн төлбөр олгох шийдвэрийг Нийслэл Кампала хотын Давж заалдах шатны шүүхээс гаргав.
Шийдвэр гаргасан шүүгчийн хэлснээр дээрх 4 сэжигтнийг нийслэлийн нэгэн цагдаагийн хэлтэс дээр 5 хоног хорьж саатуулсан бөгөөд энэ нь Уганда Улсын Үндсэн хуульд заагдсан хүнийг 48 цагаас илүү хугацаагаар хорьж саатуулахгүй байх тухай заалтыг зөрчсөн байна. Үндсэн Хуулийн 23 дугаар зүйлд зааснаар баривчлан саатуулсан хүнийг 48 цагийн дотор шүүхэд хүргэж холбогдох шийдвэрийг гаргуулах ба хууль бусаар баривчилсан, эсхүл саатуулсан бол түүнд нөхөн төлбөр олгох ёстой.
Эдгээр хүмүүс нь мужийн газрын албанд ажилладаг бөгөөд албан тушаалаа ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм. Тэдний зүгээс хууль бусаар саатуулагдсан, Ерөнхий прокурорын гаргасан шийдвэрээр хүний эрх болон Үндсэн хуулийн эрх нь ноцтой байдлаар зөрчигдсөн, эрүүдэн шүүгдсэн гэсэн гомдлыг шүүхэд гаргажээ.
Шүүхийн зүгээс гомдол гаргагчдад хууль бусаар цагдан хоригдсонд нь тус бүр 10 сая шиллинг, хүний эрх, Үндсэн хуулийн эрх нь зөрчигдсөний төлөө тус бүр 5 сая шиллингийг нөхөн төлбөр болгон өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд эрүүдэн шүүсэн талаарх гомдлыг нотлох баримт хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Гомдол гаргагчдын зүгээс мөн тэдэнд холбоотой авлига, албан тушаалын хэргийн мөрдлөгийг зогсоохыг хүссэн боловч шүүгчийн зүгээс хүний эрх зөрчигдсөн, хууль бусаар саатуулагдсан зэрэг асуудал нь иргэний журмаар шийдвэрлэгдсэн бөгөөд энэ нь авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах үндэслэл болохгүй гэж үзсэн байна.
Уганда Улсын давж заалдах шатны шүүх нь найман салбар шүүхээс бүрддэг бөгөөд эдгээрт Иргэний шүүх, Эрүүгийн шүүх, Авлигын хэргийн шүүх, Гэр бүлийн шүүх, Газар, үл хөдлөх хөрөнгийн шүүх, Худалдааны шүүх, Хил дамнасан гэмт хэргийн зэрэг шүүхүүд багтдаг.
Эх сурвалж: thetowerpost.com
Хууль бус баривчилгааны хохирогчдод тус бүр 15 сая шиллингийн нөхөн төлбөр өгнө | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.