Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг олгохоор боллоо.
Амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”, нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар батлаж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУ-ы сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо.
Энэхүү тэтгэлэг нь бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, мэдлэг боловсрол, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилготой юм. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд тус тусын онцлог шалгуур үзүүлэлттэй байх ажээ.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болох нэг сая 200 мянган төгрөгийг 30, Ерөнхий сайдын нэрэмжит нэг сая төгрөгийн тэтгэлгийг 40 хүртэлх суралцагчдад жилд хоёр удаа олгох юм байна.
Тэтгэлэгт хамрагдагсдын бүрдүүлэх материал, шалгаруулах шат дамжлагыг цөөрүүлж тухайн сургуулийн оюутны холбоо нь Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилдэг оюутны материалыг хүргүүлэхээр журамд тусгажээ.
Онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгоно | ||
Үзсэн: 1483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.