Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-04-05 08:36:51

Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Монголын Зохиолчдын Хороо 1968 оноос эхлэн дөрөвдүгээр сарын 1-нийг “Инээдмийн өдөр” гэж нэрлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн байдаг. Өнгөрөгч долоо хоногт энэ өдөр тохиолоо. Монголын хошин урлагийнхан энэ өдөр “The Best of Comedy” нэртэй улаан хивсний ёслолын арга хэмжээ зохион байгуулж, хамтарсан тоглолтоо үзэгчдэдээ өргөн барилаа. Энэхүү нэгдсэн тоглолтоос олсон бүх орлогыг гуравдугаар төрөх эмнэлэг болон хүүхдэд зориулсан сайн үйлсэд хандивлана гэж зохион байгуулагчид хэлж байсан. Тус тоглолтын үеэр "Эмоци" хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин буюу Тэмка, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, “Х Түц” хамтлагийн жүжигчин А.Туяа, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Ц.Алдармаа нар МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа.  

Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын "11-11" төвд ажиллаж, 2014 оны улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар иргэдийн асуултад хариуллаа. Тэрээр цалин, тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг зарцуулах хууль батлагдсан. Тэтгэврийг нэгдүгээр улиралд багтаагаад нэмсэн, цалинг үе шаттай нэмэгдүүлж байгаа. Засгийн газар бодитой нэмэгдэл болж очиход нь анхаарч байна. Эхний гурван сарын байдлаар инфляци хоёр оронтой тоонд байгаа. Макро эдийн засгийн бодлого, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн нөхцөлд нэг оронтой тоо руу оруулах бүрэн бололцоотой гэв. Энэ жилийн хувьд орон нутагт төсөв зарцуулах эрхийг өгсөн. Ингэснээр төсвийн төвлөрөл тодорхой хэмжээгээр багасна гэж тооцоолсон гэлээ. Харин иргэд сум, орон нутгийнхаа төсвийн зарцуулалтад хяналт тавьж, ажиллах хэрэгтэй гэдгийг сануулсан юм.

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” чиглэлээр зарлигийн төсөл боловсруулж дуусчээ. Зарлигийн төслөөр санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байна гэж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр мэдээллээ.

Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон. Газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдлөө Нийслэлийн өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандаж өгөх бөгөөд иргэдийн хүсэлтийг хүлээн авсны дараа сугалаагаар газрыг өмчлүүлэх юм. Газар өмчлөлийн ажлыг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэх байсныг хойшлуулаад байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээлснээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр олгогдох 52 байршилд хийгдэх ёстой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг хараахан хийгдэж дуусаагүй байгаа аж.  

Иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас авдаг бүртгэл, лавлагааны бүх баримт бичгийг ТҮЦ машинаас авах боломжтой болсон. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа олголт ТҮЦ машинд нэмэгджээ. Бүртгэлийн үйлчилгээг цахимжуулж шат дамжлагагүй, шуурхай болгох ажил цаашид ч үргэлжилнэ гэж УБЕГ-ын удирдлагууд мэдэгдлээ. Мөн хаясан, гээсэн цахим үнэмлэхээ ТҮЦ машин, интернэтээр захиалдаг үйлчилгээг ойрын хугацаанд нэвтрүүлнэ гэв. Энэ ондоо багтааж анхан шатны нэгж болох хорооноос бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг болно. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 15 гэхэд эхний ээлжинд нийслэлийн 42 хорооноос улсын бүртгэлийн 16 төрлийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн юм. Түүнчлэн  бичиг баримтыг иргэний захиалгын дагуу гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Одоогоор баталгаат шуудангаар дамжуулан гадаад паспортыг хаягаар хүргэж байна. Цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг иргэний хүсэлтээр хаягаар нь хүргэдэг болгоно гэж УБЕГ-ын удирдлагууд хэллээ. 

Өнгөрсөн долоо хоногт Батаарын зурагтай мөнгөн дэвсгэрт гаргана, "50 мянгатын дэвсгэрттэй болно зэрэг мэдээ тархаад байсан. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тийм зүйл байхгүй. Би Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. 50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргах эсэх асуудлыг Монголбанк хариуцдаг. Тэгэхээр энэ худал мэдээлэл. Батаарын зурагтай мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг ч цуурхал” гэж няцаалаа. 

Удахгүй эхлэх тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцөлийн талаар санал хүргүүлжээ. Ерөнхийдөө шатахууныг тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэдэд 50-аас дээшгүй хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор ажиллаж эхэлсэн байна. 
Шүлхий гарсан аймгуудын хорио цээрийг өнгөрөгч долоо хоногт цуцлалаа. Цаашид энэ өвчнийг гаргахгүй байхад анхаарч, тэмцэх арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй гэж Улсын онцгой комиссын гишүүд хэллээ.

Өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, Чигэстэй, Богд, Буянт,  Хожуул, Тэс,  Завхан, Зүйл, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Туул, Сөгнөгөр, Балж, Хэрлэн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын эх болон адаг, Алтай нурууны Түргэн, Буянт, Турган, зэрэг голууд 40-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа юм. Эдгээр голд мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх, цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 2-10 см нимгэрсэн байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.

Энэ нь 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна гэсэн үг. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгшиж, гол мөрний сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос анхаарууллаа.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй