Шууд Chart

С.Батзаяа: 144 ажилтан тус бүрт 10 сая төгрөг олгох баян байгууллага Монгол Улсад байхгүй

2014-04-04 17:43:46

МҮОНРТ-ийн ММ агентлагийн захирал С.Батзаяатай ярилцлаа.
- ММ агентлагийн энэ оны ажил үүргийн гол зорилтоос яриагаа эхлэх үү?
- Техникийн шинэчлэлийг яаралтай хийх нь хамгийн гол ажил болчихоод байна. Энэ оны долоодугаар сарын 31 гэхэд  Монгол Улс тоон технологид шилжинэ гээд Засгийн газар Үндэсний хөтөлбөр батлачихсан. Хөрөнгө мөнгөний хувьд ч тэр, суурилуулалтын хувьд ч тэр нэг удаагийн “дайралт”-аар хийчих ажил биш. Одоогийн байдлаар эфирийн болон суурин тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн,  зарим зөөврийн камерын шинэчлэлүүд хийгдэж байна. Гэхдээ биднээс хамаарахгүй төсөв мөнгөтэй холбоотой удаашралууд байна.
ММ агентлаг Олон нийтийн дуу хоолой байх гол зорилготой.  “Ажилтай - Монгол ”, “Монгол хүний үнэлэмж”, “Гэр бүлийн үнэ цэнэ” зэрэг  булангуудыг тогтмолжуулж, хууль шүүхийн шинэчлэл, иргэний оролцоо, эрүүл мэнд, хот, хүний хөгжлийн асуудлуудаар тусгайлсан нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж байна.
Мэдээ, мэдээллийн шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, техник технологийн дэвшлийг бүрэн дүүрэн ашиглахын тулд хамгийн чухал зүйл хүний чадавхийн асуудал болчихоод байна. Өрсөлдөөн өдрөөр хэмжигдэж байхад бид хүнээ л сайжруулахгүй бол  “тоглоомонд хожигдоно”.
Тийм ч учраас МҮОНРТ-ийн энэ оны ажлын үндсэн зорилтод сургалтыг чухалчилсан байгаа. ММ агентлагийн сэтгүүлч, найруулагч, гадаад мэдээний тоймч, продюссеруудаас бүрдсэн баг АНУ-ын Төрийн департаментийн урилгаар сургалтад явах гэж байна.

- АНУ-ын Төрийн департаментийн урилгаар явах эрх тийм ч амархан олдохгүй болов уу. Энэ ажлын эхлэлийг хэзээ тавьсан бэ?
- Бид хоёр жилийн өмнө  АНУ-ын Төрийн департаментад хандан, тус улсын телевизүүдийн  туршлагыг судлах хүсэлт тавьсан юм. Хүсэлтийг АНУ-ын Төрийн департмент хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн хэдий ч  өнгөрсөн жилийн дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн хойшлуулахад хүрсэн л дээ. Харин он гарснаас хойш тус улсын Элчин сайдын яам бидний хүсэлтийг дэмжиж өгөхийг Төрийн департментдаа дахин санал болгосноор ажил хэрэг болж байна.

- Тэгэхээр  танай баг АНУ-ын телевизүүдийн өдөр тутмын ажлын туршлагыг судална гэсэн үг үү? 
- Тийм ээ. Бид 14 хоногийн хугацаанд АНУ-ын телевизүүдийн өдөр тутмын ажлын туршлагыг судлах юм. Олон нийтийн болон арилжааны телевизүүд дээр ажиллана. Мэдээний сонголт, мэдээ бэлтгэлт, ашиглаж буй программ, технологи, архивлалт  гэхчилэн мэдээ бэлтгэдэг процессыг нэг бүрчлэн орхигдуулахгүйгээр судлах хүсэлтээ илэрхийлснээр АНУ-ын Төрийн департамент бидний сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Энэ нь өнөөх л тоон системд шилжих ажилд нэмэр тусаа өгөх чухал асуудал болчихоод байгаа учраас сургалтдаа анхаарлаа хандуулан ажиллаж байна даа.
Мэдээж урилгаар гэх тодотголыг даган бидний байр, хоол, унааны зардлуудыг АНУ-ын талаас бүрэн хариуцаж байгааг онцлон хэлмээр байна.

- Сүүлийн үед зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд МҮОНРТ баяр наадмын үеэр ажилласан 144 ажилтан тус бүрийг 10 сая төгрөгөөр урамшуулсан гэх мэдээлэл гарах болсон. Таныг бас байгууллагынхаа санхүүгийн асуудал тойрсон  элдэв хардлагаас  болгоомжлон “онцлон хэлж байна” гэж ойлгож болох уу?
- Ер нь бол тийм. Хуулиар, МҮОНРТ санхүүжилтийн  тодорхой хэсгээ татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлдэг. Санхүүгийн зарцуулалттай холбоотой хардлага сэрдлэгүүд санаатай болон санамсаргүй хэлбэрээр гарсаар ирсэн. Байх л зүйл. Тиймээс ийм хэмжээний зардал их орохуйц сургалт, үйл ажиллагааг хэн, хэрхэн яаж санхүүжүүлэв гэдэг талаар үнэн бодитой мэдээллийг бид өгч байх үүрэгтэй.
10 сая төгрөгтэй холбоотой дэгс мэдээлэлд хариулт өгөхөд, ер нь бол итгэх гээд үзээрэй. 144-ийг 10 саяар үржүүлэхэд нэг тэрбум 500 орчим сая төгрөг болно оо доо. Өнөөдөр Монгол Улсад тийм баян байгууллага байхгүй шүү дээ.  Ямар ч “супер” хэвлэл мэдээллийн байгууллага баярын гурван өдөр ажилласных нь төлөө ажилчдадаа ийм хэмжээний мөнгө өгөхгүй биз дээ.

- Тэгвэл яг үнэн зөв тайлбарыг өгнө үү?
- Монгол Улсын хөдөлмөрийн хуульд заасны дагуу баярын өдрүүдийн нэмэгдэл болгож, наадмын гурван өдөр ажилласан нийт 144 ажилтанд  9 сая 600 мянган төгрөгийг урамшуулал болгож өгсөн. Тэгэхээр нэг ажилтанд 60 мянга орчим төгрөгийн баярын нэмэгдэл  өгсөн л гэсэн үг.  Ердөө л энэ. Хардаж, сэрдээд байх асуудал биш. Тухайн сэтгүүлч хүн үнэмшихэд бэрхтэй энэ мэдээллийг тавихынхаа өмнө биднээс биш юм аа гэхэд манайд шалгалт хийсэн аудитын байгууллагуудаас асууж тодруулах байж дээ.

- МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн хүсэлтээр Үндэсний Аудитын газраар хийлгүүлсэн шалгалтын дүгнэлтэд ийм мэдээлэл байна гэж ойлгосон. Энэ талаар ямар тайлбар өгөх бэ?
- Энэ бол шалгалтын дүгнэлт гаргагчдын санамсаргүй алдаа. Би дээр хэлсэн. Манай байгууллагад аудитын шалгалт байнга ордог. Саяхан Үндэсний Аудитын газрын, мөн өөр нэг хувийн аудитын компанийн шалгалтууд дараалан хийгдэж дууслаа. Хэн ч интернэтээс үзэх боломжтой. Түүнээс гадна шалгалтын дүнгүүд  өдөр тумын сонинууд, манай mnb.mn  сайтад тогтмол нийтлэгддэг. Тэр мэдээг бичсэн сэтгүүлч асуудалд жаахан няхуур хандаад л, дээрх  газруудын аудитын тайланг тулгаад, биднээс тодруулга авсан бол мэдээлэл үнэн бодитоор нийтэд хүрэх байсан.
Ер нь энэ байгууллагыг дураар нь дургиулахгүй байх үндсийг хууль, хуулиар байгуулагдсан бүтэц бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл, бүх асуудалд шат шатны хяналттайгаар явагддаг гэсэн үг. Бүтцийн хувьд, МҮОНРТ-ийн ерөнхий захирлын шийдвэр гаргах явц нь есөн хүний бүрэлдэхүүнтэй  захирлуудын зөвлөл дээр шийдэгддэг. Захирлуудын зөвлөл  нь  20 сая төгрөгөөс дээш үнэтэй бараа, ажил үйлчилгээ, гэрээг шийдэн хэрэгжүүлэх эрх эдэлдэггүй.

- Дээрх мөнгө ч бас Үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу олгогдох учраас ямар ч боломжгүй гэсэн санаа юу?
- Үндэсний зөвлөл 20 саяас дээшхи үнэлгээтэй гэрээ, худалдан авалтуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Шийдвэр гаргахаас өмнө Хяналтын зөвлөл хянаж үзээд, болж байна, болохгүй байна гэсэн дүгнэлтээ гаргадаг. Тухайлбал, манайх нэг тендерт ялаад 20 сая төгрөгийн  гүйцэтгэл хийлээ гэхэд энэ асуудлыг захирлуудын зөвлөл шийдэх эрхгүй тул Үндэсний зөвлөлөөс албан ёсны зөвшөөрөл авах хэрэгтэй болдог.  Ийм олон хяналттай байдаг тул санхүүгийн хувьд татвар төлөгчдийг түгшээх, хямраах үйлдэл гарахгүй л гэсэн үг.

- Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.Батзаяа: 144 ажилтан тус бүрт 10 сая төгрөг олгох баян байгууллага Монгол Улсад байхгүй   
Үзсэн: 4978 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй