Шууд Chart

МАН ерөнхий сайдаас “авлигажсан төсөв” гэдэг үгээ буцаахыг шаардана

2014-04-07 17:31:04

УИХ-ын хаврын чуулган эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр намын бүлгүүд хуралдлаа.

МАН-ын бүлгийн хуралдаанаар  хаврын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн чухал асуудлуудын жагсаалтыг гаргасан байна.
Мөн хуралдааны үеэр намын гишүүд цаг үеийн асуудлаар ярилцан, Монгол Улсад эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлага одоо болтол хугацаагүй үргэлжилж байгаа билээ. МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдлээ.
 
Уг хуулийн төслийг дэмжиж батласнаар төрийн тогтолцоог сайжруулан төгөлдөржүүлэх, ирц бүрдэхээ больсон УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагаа хангагдах, УИХ, Засгийн газрын тэнцвэрт байдлыг хадгалах, төрийн эрх барих, гүйцэтгэх засаглалын ажил үүргийн хуваарийг зааглана гэж үзлээ.
 
Мөн "давхар дээл"-ийг дан болгосноор Засгийн газрын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт сайжрахаас гадна ухаалаг төрийн суурь болно гэж бүлгийн гишүүд онцлолоо.
 
Түүнчлэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг авч хэлэлцлээ. Дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад бүлгийн гишүүдийн асуултад хариулав. Тэрээр 2014 оны төсөв авлигажсан эсэх, 243 объектийн хэдийнх нь төсөвт өртөг хэтэрсэн бэ гэж асуусан бүлгийн гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадсангүй.
 
Өөрөөр хэлбэл, энэ оны төсөвт "0" дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотлож чадаагүй бөгөөд үүнийг нотлох боломжгүй гэдгээ ч ерөнхий аудитор А.Зангад энэ үеэр хүлээн зөвшөөрөв.
 
Үндэсний аудитын газарт царцсан объект, төсөл, арга хэмжээний төсөвт өртөг удааширсан, нэмэгдсэн шалтгааныг тогтоох үүргийг УИХ-аас өгсөн. Гэтэл тус байгууллага тухайн объектуудыг ангилж, заримыг нь энэ жил, заримыг нь ирэх жил, заримыг нь битгий санхүүжүүл, зориулалтыг өөрчилж худалд гэх мэтээр хуулиар олгосон эрх мэдлээс нь хэтэрсэн дүгнэлт гаргах ёсгүй гэж гишүүд үзлээ.
 
Хуульд заасны дагуу Засгийн газар энэ талаар саналаа оруулж ирсний дараа УИХ аль объектийг хойшлуулахаа мэдэх ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийлэв. Тиймээс Үндэсний аудитын газар авлигажсан төсвийг илрүүлэх УИХ-аас даалгасан үүргийг бүрэн биелүүлж чадсангүй гэж МАН-ын бүлгийн гишүүд дүгнэв. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг "авлигажсан төсөв" гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг шаардлаа. 2014 төсвийн төслийг хэлэлцэх үед Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан бүлгийн ажлын хэсэг төсвийн тодотголыг хариуцан ажиллах юм. 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

МАН ерөнхий сайдаас “авлигажсан төсөв” гэдэг үгээ буцаахыг шаардана   
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй